Польш улсад үр хөндөлтийг бараг бүхэлд нь хориглосныг эсэргүүцсэн олон мянган хүн нийслэл Варшавт жагсаж, коронавирусийн хязгаарлалтыг зөрчжээ.
Тус улсад цар тахлын халдварыг зогсоох дүрэм журмын хүрээнд таваас дээш хүнийг нэш дор цугларахыг хориглоод байгаа аж. Гэвч өнгөрөгч баасан гарагт Варшав хотын төвд 100 мянга орчим хүн цугласан гэдгийг тус хотын дарга Рафал Трзасковски мэдэгдсэн юм.
Польшийн Үндсэн хуулийн шүүх өнгөрсөн аравдугаар сарын 22-нд ургийн хүнд хэлбэрийн гажигтай тохиолдолд үр хөндүүлэх нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн байна. Энэхүү шийдвэр нь тус улсын үр хөндөлтийн талаарх аль хэдийн хатуу хуулийг улам чангатгасан аж. Үүнийг эсэргүүцсэн жагсаал тогтоол гарснаас хойш тэр даруй эхэлсэн бөгөөд өнгөрөгч баасан гарагт ийнхүү оргилдоо хүрчээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөн ерөнхийдөө тайван замаар болж өнгөрсөн бөгөөд жагсагчид хөгжим тавин, бүжиглэж, өнгө өнгийн уриа лоозон барин алхаж байжээ. Гэвч энэ үеэр мөн хэт барууны үзэлтэн болон хөлбөмбөгийн танхайчууд гарч ирэн, сөрөг эсэргүүцэл үзүүлсэн тул цагдаа нар олноороо цугласан байна.
Жагсаалын үеэр нийт 12 хүнийг баривчилсан гэж орон нутгийн цагдаа нар мэдээлжээ.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.