Их Британийн ханхүү Уильям коронавирусийн халдвар авсныг өнгөрсөн дөрөвдүгээр сард оношилсон тухай эх сурвалжууд мэдээлэв. Энэ үед Кэмбрижийн гүн, ханхүү Уильямын аав Уэльсийн ханхүү Чарльз болон Ерөнхий сайд Борис Жонсон нар коронавирусээр халдварласан тухай олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд дамжуулсан юм.
The Sun сонинын мэдээлснээр 38 настай ханхүү Уильям коронавирус туссан гэдгээ мэдсэн ч ард иргэдийг цочролд оруулж, нэмж түгшээхээс зайлсхийж нууцалсан байна. Кенсингтон ордны зүгээс энэ талаар албан ёсны тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Ордны эмч нар Уильямыг эмчилж, Засгийн газраас баталсан зааврын дагуу Норфолк дахь Анмер Холл гэрт нь тусгаарлажээ. Түүний аав Чарльз коронавирусээр халдварласныг гуравдугаар сард олон нийтэд мэдээлсэн. Чарльзад халдварын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсний дараа Шотландад долоо хоногийн турш өөрийгөө тусгаарласан юм.
Түүнчлэн дөрөвдүгээр сард Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусээр халдварлаж эмнэлэгт хэвтсэн нь халдварын эхний давлагааны улмаас түгшсэн ард иргэдэд улам хүнд дарамт болж байлаа.
Их Британи халдварын хоёр дахь давлагааг даван гарахын тулд улс даяар хоёр дахь удаагаа хорио цээр, тусгаарлалтын дэглэмд шилжихээр төлөвлөж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 22,000 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан иргэдийн тоо нэг сая давснаар халдварын тархалтаар дэлхийд есдүгээрт бичигдлээ. Цар тахлын улмаас 46,000 гаруй иргэн нас бараад байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.