"Би алхаж чаддаг болоод Ананд найзтайгаа уралдана" гэж мөрөөдөж буй бяцхан хүүг Билли буюу Х.Батбилэг гэдэг, гурван настай.
Түүний ээж О.Жавхлан хүүгээ тархины саажилттай гэдгийг анх 9 сартайд нь мэджээ. Гэвч тэрээр хүүгээ эмчлүүлэх ямар боломж байгааг цөхрөлтгүй хайн судалсаар АНУ-д эмчлүүлэх боломж бийг олж уншжээ. Тус хагалгаанд орсноор хүү алхаж чаддаг болох боломжтой бөгөөд 2-4 настайд нь хийлгэвэл илүү үр дүнтэй юм байна.
Тиймээс түүний гэр бүлийнхэн хүүг дөрвөн нас хүрэхээс нь өмнө буюу ирэх нэгдүгээр сараас урьтаж хагалгааны зардал болох 270 орчим сая төгрөгийг босгохоор хандивын аян эхлүүлжээ.
Мөн хүүдээ болон түүнтэй ижил өвчтэй хүүхдүүдийг эмчүүлээсэй гэсэн үүднээс Gobillygo цахим хаяг хүртэл нээжээ.
О.Жавхлан цахим хуудаснаа ийн бичжээ:
-Миний хүү оюуны хоцрогдолгүй, 9 сартайгаасаа эхлээд ааваа, ээжээ гэж хэлээд үеийн хүүхдүүдээсээ түрүүлж хэлд орсон. Англи цагаан толгойн дууг A-Z хүртэл дуулдаг, тоо тоолдог гээд их авьяастай.
Хүү минь том болоод ухаан суух тусам биднээс жоохон дүү нар яваад байхад би яагаад явахгүй байгаа юм бэ гэж асуух нь их боллоо.
Бид хүүдээ хамгийн сайн үр дүнтэй эмчилгээг хайхаа зогсоогоогүй. Хүү дээрээ бид хэзээ ч бууж өгөхийг хүсээгүй.
Дэлхийн түвшинд өндөр хөгжилтэй оронд хэрхэн эмчилгээ хийгддэг болохыг судалж SDR буюу Selective Dorsal Rhizotomy гэдэг нэртэй хагалгааны талаар мэдэж аван энэхүү хагалгааг шинжлэх ухаанд нэвтрүүлэн 30-аад жилийн туршлага хуримтлуулсан эмч (Dr. TS. Park), эмнэлэг (St Louis Children’s Hospital of Missouri, US)-тэй холбогдсоноор гайхамшигтай сайхан хариу авсан.
Миний хүүг өөрөө явдаг болно гэсэн хариуг авсан бид хүүгийнхээ төлөө зориглоод бүхнийг хийхээр зорьж байна. Зөвхөн бидний итгэл найдвар болоод зогсохгүй Монголын чангаралттай саажилтын хэлбэртэй хүүхдүүдийн, тэдний гэр бүлийн итгэл найдвар болно гэдэгт итгэж байна.
Энэхүү хагалгаа нь Монгол Улсад хийгддэггүй учир бид АНУ-ыг зорих юм. Хагалгааг хийлгэх хамгийн тохиромжтой насыг 2-4 нас гэж үздэг. Учир нь чангарлаас болоод хүүхдэд буруу хэвшил, буруу дадал суугаагүй, мөн ясны бүтцэд нь өөрчлөлт ороогүй байдаг учир илүү үр дүнтэй байдаг талаар эмч дурдсан. Ийм учраас бидэнд бага хугацаа үлдээд байна. Та бүхнээс миний хүүг хөөрхөн хөл дээрээ явдаг болоход нь туслаач гэж чин сэтгэлээсээ гуйж байна.
Хүү минь өөртөө баймгүй тэсвэр тэвчээрийг үзүүлж, хичээж, шантралгүй тэмцсээр ирсэн. Тэмцсээр байх болно. Хүүг минь тэрэгнээс тэргэнцэр рүү биш таяг руу, таягаас өөрийн хөл дээрээ явж, бусдын гар харахгүй бие даасан хүн болоход нь та бүхэн тусална гэдэгт найдаж байна. Бидэнд 90,000.00 ам доллар босгох амаргүй даваа гарч ирлээ.
Хандивыг зөвхөн дор дурдсан албан ёсны хаяг, дансаар хүлээн авах болно. Энэ нь хүүгийн минь нэрээр элдэв хуурамч хаяг, дансаар хүмүүсийг хууран мэхлэх вий гэсэн үүднээс албан ёсоор энэхүү https://www.facebook.com/Gobillygo-109401837597595/photos/?ref=page_internal пейж хуудас, цахим хуудсаар мэдээллийг хүргэж байх болно.
Хүлээн авагч : Батбилэг
ХААН банк: 5111577442
Худалдаа хөгжлийн банк: 404250524
Голомт банк: 2025120186
Хас банк: 5003757304
Төрийн банк: 341303448846
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.