Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хот, аймгийн төв суурин газар болон сумдын ундны усны эх үүсвэрт усны чанарын судалгааг хийж, мэдээллийн сан байгуулах, усны чанарыг сайжруулах техник, технологийн шийдэл боловсруулах ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ ШУА-ийн Газарзүй геоэкологи, Хими химийн технологийн хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм байна.
Судалгаанд одоогоор 6 аймаг, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрүүдийг хамруулсан байна.
Үүнд: Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 87 сумын 309 гүний худаг, гадаргын 14 уст цэг; Улаанбаатар хотын 9 дүүргийн 2257 гүний худаг, уст цэгээс тус тус дээж авч шинжилгээ хийжээ.
Завхан аймгийн Яруу, Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Богд, Говь-Алтай аймгийн Цогт, Халиун суманд булаг шанд болон голын усыг унд ахуйд хэрэглэж байна.
Ундны усны чанарын судалгааны явцад усны хатуулаг чанар их, фторын ионы агууламж стандартад заасан хэмжээнээс бага эсвэл хэтэрсэн, магнийн ион их, эрдэсжилт өндөртэй, гэдэсний бүлгийн нянгийн тоо илэрсэн зэрэг стандартын шаардлагад нийцэхгүй нийтлэг зөрчил гарчээ.
Тухайлбал, Дархан-уул аймгийн хувьд:
Дархан-Уул аймгийн 42 гүний худгаас сорьц авч шинжлэхэд 21 худгийн ус нь стандартын шаардлагыг хангаж, үлдсэн 21 худгийн ус нь зарим үзүүлэлтээрээ стандартын шаардлагыг хангаагүй байна. Эдгээр худгийн дийлэнх буюу 14 худаг нь бичил амь судлалын үзүүлэлт болон магни, эрдэсжилт, хатуулаг, нитрат зэрэг үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцээгүй. Мөн бусад худгийн ус нь уран, радон, магни, манганы агуулгаараа стандартын шаардлага хангахгүй байгааг шинжилгээгээр тогтоожээ.
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүд нь усны тухай хуулийн дагуу эрүүл ахуйн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, Дотоодын цэргийн хамгаалалттай байна.
Харин төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрүүд болон бусад аймагт эх үүсвэрийн харуул хамгаалалт хангалтгүй, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоох заалтыг хангаагүй, худгийн ойр орчмын хөрсийг бохирдуулах нөхцөл бүрдсэн, хамгаалалтын хашаа байхгүйгээс газрын доорх ус нь хөрсөөр дамжин бохирдох өндөр эрсдэл үүссэн зөрчлүүд нийтлэг илэрчээ.
Иймд Ковид-19 цар тахал гарсан энэ үед ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалтыг сайжруулж, гүний худгуудын ойр орчмын хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, хашаа барих, камерын хяналтын системийг ашиглах шаардлагатай гэж үзжээ.
Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд төвлөрсөн системд холбогдоогүй гэр хорооллын иргэдэд ундны усыг 1498 ус түгээх байраар дамжуулан хүргэж байна.
Үүнээс гүний худаг 116, төвлөрсөн шугамд холбогдсон 695, зөөврийн 687 ус түгээх байр байна. Эдгээрээс 34% нь буюу 511-д нь ухаалаг төхөөрөмж суурилуулж, цагийн хязгааргүй ус түгээж, иргэдийн хувьд хэзээ ч очоод ус авах боломжтой болсон.
Улсын хэмжээнд 51 цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэйгөөр хариуцаж байгаагаас 51% нь механик цэвэрлэгээтэй, 45% нь механик болон биологи цэвэрлэгээтэй бол 4% нь механик, биологи болон химийн цэвэрлэгээтэй байгууламжууд байна. Цэвэрлэгээний түвшин дунджаар 60 орчим хувьтай байна.
Улаанбаатар хотод төвлөрсөн бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй ААНБ-уудын болон зарим хувийн орон сууцны АЦБ-ын шийдэл нь бохир усыг хөрсөнд шингэдэггүй битүүмжлэл бүхий цооногтой (танк) байдаг. Цооногт хуримтлагдсан бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөн бохир ус хүлээн авах 7 цэгт хүргэх үйлчилгээг 60 байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байна.
Тиймээс цаашид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх замаар ил задгай бие засах явдлыг зогсоох, сайжруулаагүй нүхэн жорлонг цөөрүүлж, хөрс орчныг бохирдуулахгүй байх технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай гэж албаныхан үзэж байгаа ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.