Эгийн тэнгист 7 магнитудын хүчтэй газар хөдөлж, Туркийн Измир болон Грекийн Самос аралд доргилт, чичирхийлэл мэдрэгджээ. Одоогоор хүчтэй газар хөдөлсний улмаас Турк, Грек улсуудад амиа алдсан иргэдийн тоо 22-т хүрээд байна.
Туркийн онц байдлын албанаас газар хөдлөлтийн хүчийг 7 магнитуд байсан гэж тодорхойлсон ба орон нутгийн цагаар баасан гарагийн өдөр 14 цаг 51 минутад газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн голомтыг Измир хотоос 17 км-т, Самос арлаас 10 орчим км-т тодорхойлжээ.
Түүнчлэн нас барсан иргэдийн нэг живсэн ба 700 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Самос арал дээр газар хөдлөлтийн улмаас хоёр хүүхэд харьж явах замдаа нурангинд даруулж нас баржээ. Туркийн Измир хотод 20 гаруй байшин барилга нурсан тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг санууллаа. Тус хот нь 4,5 сая оршин суугчтай юм байна.
Турк улсын Дотоод хэргийн яамнаас Борнова, Баярах хотуудад газар хөдлөлтийн үеэр гарз хохирол тохиосон гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.