Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр "Коронавирусийн халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт, Увс аймгийн Боршоо боомтыг 11-р сарын 2-ноос эхлээд 21 хоног хаалаа.
ОХУ-ын бүс нутгуудад коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаагаас гадна дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж олон орон хил гаалиа хааж хөл хорио тогтоож байна.
Сүүлийн үед хил хооронд ачаа тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирус илрэх явдал нэмэгдэж байна. Одоогийн байдлаар нийтдээ 30 жолоочоос илэрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн шөнө Цагааннуурын хилийн боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоор коронавирус илэрсэн. Эдгээр хоёр иргэнийг ОХУ-ын талтай ярьж буцаасан байгаа. Цагааннуур, Боршоо боомтоор шатахуун, өргөн хэрэглээний бараа гэх мэт ачаа тээвэр нэвтэрч байгаа. Иргэдийн зорчих хөдөлгөөн бол явагдаагүй. Зөвхөн ачаа тээвэр явуулж байсан. ОХУ-ын хоёр иргэний хувьд хяналтанд дор хилээр нэвтэрсэн. Хил гааль дээр ажилласан цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын 28 албан хаагчийг тусгаарлан шинжилгээ авсан байгаа" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа тул Цагааннуур боомт дахь хяналтаа чангаруулж байна" гэсэн хариултыг өгөв.
Түүнчлэн ОХУ-ын иргэн, ачаа тээврийн хоёр жолоочид коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд хариу нь шөнө гарсан бөгөөд яагаад энэ хариуг өнөөдөр өдрийн 11:00 цагт Эрүүл мэндийн яамнаас мэдээлээгүй талаар сэтгүүлчид тодруулахад тэрбээр "Шинжилгээний хариу шөнө гарсан. Гэхдээ бид дахин шинжилгээ хийж, баталгаажуулах шаардлагатай байсан. Давтан шинжилгээний хариу үдээс хойш гарсан" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.