СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Франц: Хөл хорио хэрэгжихийн өмнө 700 км үргэлжилсэн түгжрэл үүсчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Франц улсад коронавирусийн халдварын шинэ давлагаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр дахь удаагаа улс орон даяар хорио цээрийн дэглэмд шилжих шийдвэр гаргасан. Хорио цээрийн дэглэм орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхлэхээр болсон.

Гэтэл хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхлэхээс өмнө пүрэв гарагт авто замын түгжрэл дээд цэгтээ хүрчээ. Тухайлбал хойд төвийн Иле-де-Франц мужид 700 км үргэлжилсэн авто замын түгжрэл үүссэн байна.

Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу нэн шаардлагатай ажил болон эрүүл мэндийн шалтгаангүй бол ард иргэд гэрээсээ гарахгүй байх ёстой. Тус улсад коронавирусийн халдварын улмаас эндэж буй иргэдийн тоо дөрөвдүгээр сараас хойш хамгийн өндөр түвшиндээ хүрсэн.

Пүрэв гарагийн байдлаар цар тахлын 48,000 орчим шинэ тохиолдол илэрч, 250 хүн нас барсан байна. Одоогоор Франц улс халдварын 1,3 сая орчим тохиолдлоор дэлхийд тавдугаарт бичигдэх болсон. Нас барсан иргэдийн тоо 40,000-д дөхжээ.

Хөл хорио, хорио цээрийн дэглэмийг нийслэл Парис хотын иргэд хөдөө нутагт өнгөрөөхөөр олноороо явах болсон байна. Иргэдийн зүгээс нийслэлд амралтын байдалтай цагаа өнгөрөөх нь бие махбодын хувьд таагүй байдаг тул хөдөө нутагт цэвэр агаартай, амьсгалахад таатай, эрүүл цагийг өнгөрүүлэх боломжтой гэж үзжээ.

Ийнхүү хотын иргэд хөдөөг зорих явдал өнгөрсөн гуравдугаар сард анх удаа улс даяар хорио цээрийн дэглэм тогтооход ажиглагдаж байсан. Харин эрх баригчид иргэдийг ингэж олон мянгаараа нүүдэллэхийг буруутгаж байгаа. Учир нь гэртээ байх ёстой гэвэл Парисын оршин суугчид Паристаа л үлдэх ёстой, тэдгээр хотыг орхиж явж байгаа хүмүүс коронавирусийн халдвар тээсэн байвал түүнийгээ явсан газар бүртээ тараана гэсэн үг хэмээн тайлбарлажээ.

Энэ удаад цар тахал урьд өмнөхөөсөө ч илүү хурдацтай тархаж байгааг дахин анхааруулж байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.