Франц улсад орон нутгийн цагаар пүрэв гарагт дахин террорист халдлага гарч улс орон даяар аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хүртэл өндөржүүлээд байна. Сар хүрэхгүйн өмнө Парис хотын ойролцоо зөнч Мухаммадын шог зургийг хичээлдээ ашигласан Самуэл Пэти багшийн толгойг тасдаж амийг нь хороосон явдал гарч улс орныг цочирдуулаад байсан юм. Энэ удаагийн халдлага эрх баригчид төдийгүй ард иргэдийг дахин хүнд цочролд орууллаа.
Пүрэв гарагт Францын Ницца хотод үл таних эрэгтэй хүйтэн мэсээр зэвсэглэж гурван иргэнийг Нотр Дамын сүмийн ойролцоо хороосон бөгөөд нэгийнх нь толгойг хэрцгийгээр тасалсан байжээ. Цагдаа нар гэмт этгээдийг буудаж шархдуулан эмнэлэгт хүргэсэн. Биеийн байдал нь хүнд байна гэдгийг эх сурвалж мэдээлжээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ явдлыг исламын хэт даврагсдын террорист халдлага гэдгийг онцлон тэмдэглэж улс орон даяар аюулгүй байдлыг дээд цэгт хүртэл өндөржүүллээ. Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалуулахаар 3,000 цэргийг сургууль, сүмийн ойролцоо байршуулаад байсан бол энэ тоог 7,000 хүртэл хоёр дахин нэмэгдүүллээ.
Гэмт этгээд 21 настай бөгөөд Италийн Улаан загалмайн нийгэмлэгийн бичиг баримттай байжээ. Тэрээр өнгөрсөн сард Италийн Лампедуза аралд цагаачдын завиар ирсэн бөгөөд Франц улсад ирээд хэд хонож байсан Тунис улсын иргэн болохыг тогтоожээ. Түүнийг цагдаа нар буудах үед хэд хэдэн удаа Аллах Акбар буюу бурхан бол агуу хэмээн орилсон байна.
Терроризмтой тэмцэх газраас мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн. Сэжигтний биеэс исламчуудын коран судар, хоёр ширхэг гар утас, 30 см-ын урттай хутга олсон байна. Мөн гэмт этгээдийн барьж явсан цүнхийг олоход дахин хоёр хутга олджээ. Гэмт этгээдийн нэрийг Брахим Ауиссауи хэмээн цагдаагийн эх сурвалжид дурджээ.
Түүний гарт амиа алдсан хохирогчид 60 настай эмэгтэй, 55 настай эрэгтэй болон 44 настай эмэгтэй байгаа юм. 60 настай эмэгтэйн толгойг сүмийн барилга дотор тасалсан байсан бол 55 настай эрэгтэйн хүзүүг огтолсон байжээ. Харин 44-тэй эмэгтэй хэд хэдэн удаа хутгалуулсныхаа дараа ойролцоох кафе руу зугтах гэж байгаад нас баржээ.
Халдлага гарсан даруйд өглөөний 08:57 минутад цагдаагийн дөрвөн офицер хэргийн газарт ирж гэмт этгээдийг буудаж шархдуулсан. Ницца хотод дөрвөн жилийн өмнө Франц улсын түүхэн дэх хамгийн том террорист халдага гарч байсан юм. 2016 оны долдугаар сарын 14-ний Бастилийн өдөр буюу Францын үндэсний баярын өдөр Тунисын иргэн ачааны машинаар 86 хүнийг дайрч амь насыг нь хороож байжээ.
Ерөнхийлөгч Макрон Пэти багшийн аллагын дараа ямар ч хүнд зөнч Мухаммадын шог зургийг ашиглах, хэвлэн нийтлэх эрх байгаа хэмээн мэдэгдэж, исламын хэт даврагсадтай тэмцэнэ хэмээн зарласан нь дэлхий даяар исламын шашинтнууд дийлэнх оршин суудаг улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Ерөнхийлөгч Ницца хотод өөрийн биеэр очсоныхоо дараа “хэрэв дахин халдлага гарвал эрх чөлөөний үнэт зүйлийг үгүй хийх оролдлого болно. Тиймээс терроризмыг огт хүлээн зөвшөөрөхгүй” гэлээ.
Пүрэв гарагт уг халдлагаас гадна хоёр ч өөр халдлага гарчээ. Ницца хотоос гадна Монфаве хотод цагдааг гар буугаар сүрдүүлсэн этгээдийг буудаж хороосон байна. Түүнчлэн Саудын Араб улсын Жедда хотод байдаг Францын Консулын хамгаалалтын албаны ажилтан руу халдсан хэрэг гарчээ. Сэжигтнийг баривчилсан бөгөөд шархадсан хамгаалагчийг эмнэлэгт хүргэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.