Жүжигчин Б.Амарсайхан, эхнэр С.Урангийнхаа хамтаар эзэмшдэг “Ай фай продакшн” Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр кино хийх тендерт шалгарч, 266 сая төгрөгөөр кино бүтээсэн баримтыг өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай байгууллага хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил мөн. Олон улсад ч гэсэн соён гэгээрүүлэх ажлын хүрээнд контент хийх нь чухал гэж үздэг. Энэ дагуу хүүхэд гэр бүлд чиглэсэн кино контентын тендер шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлахад гурван байгууллага оролцож нэг нь шалгарсан.
Уг тендерийн сонгон шалгаруулалтыг 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулж, “Цэлмэгмоушн” ХХК, “Айслинз” ХХК, “Ай фай продакшн” материалаа тус тус хүргүүлсэн. Үнэлгээний хороо манай тавьж буй шаардлагын дагуу шалгаруулсан.
Бид хэний ямар кино шалгарсан талаарх мэдээллийг мэдэх боломжгүй. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг Амараа гэдэг хүнд зориулж огт тендер зарлаагүй. Харин олон нийтэд, хүүхэд багачууддаа зориулж л уг ажлыг хийсэн.
Харамсалтай нь ковид-19 өвчинтэй холбоотойгоор кино төслийн ажил жаахан удааширч хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. “Ай фай продакшн” тендерт шалгарч маш сайхан бүтээл болсон талаар бидэнд хэлж, кино маань бэлэн болсон. Кино бүтээгчдийн хувьд олон улсад таниулах хэмжээний кино бүтээл хийсэн хэмээн ирэх 12 дугаар сард олон улсын кино фестивалийн үеэр нээхээр болсон. Залуу гэр бүл, тэр дундаа аав хүн гэр бүлд ямар чухал үүрэгтэй байдаг талаар харуулсан кино.
-Танай байгууллагаас 266 сая төгрөг буюу өндөр өртөгтэй тендер зарласан хэмээн олон нийт шүүмжилж байгаа?
-Өндөр гэхээсээ илүү. Бүтээлийн чанарт анхаарсан. Илүү ач холбогдол өгч ажилласан. Бага төсвөөр хийгдэх киноны чанар ямар байх, чанартай, өнгө үзэмжтэй, агууллага сайтай кино бүтээлийн зардал бол ийм хэмжээний байна хэмээн судалж, тендер зарласан. Кино уран бүтээлчид бүрэн хэмжээний нэг кино хэдэн төгрөгөөр бүтдэг гэдгийг сайн мэдэж байгаа. Энэ кино бол олон нийтийн чиг хандлагыг өөрчлөх. Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах маш сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.