Жүжигчин Б.Амарсайхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр кино хийнэ хэмээн 266 сая төгрөг авсан баримт олон нийтэд ил болсон.
Уг тендерийн сонгон шалгаруулалтыг хэзээ, хэрхэн зохион байгуулагдсаныг судлан үзэхэд 2019 оны 11 дүгээр сард болсон байх бөгөөд “Цэлмэгмоушн” ХХК, “Айслинз” ХХК, “Ай фай продакшн” материалаа тус тус хүргүүлж байжээ.
Улмаар жүжигчин Б.Амарсайхан, эхнэр С.Урангийнхаа хамтаар эзэмшдэг “Ай фай продакшн” шалгарч, санхүүжилтыг нь ГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгох тушаалыг гаргасныг та бүхэн харж байна.
ГБХЗХГ-ын орлогч даргаар өдгөө ажиллаж буй Б.Халиунтай утсаар холбогдож, 266 сая төгрөгийн төсөвт өртөгтэй киног хүлээн авсан эсэхийг тодруулахад “Манай байгууллага хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг. Үүний нэг нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгэм, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажил мөн. Энэ дагуу хүүхэд гэр бүлд чиглэсэн кино контентын тендер шалгаруулалт зарлахад гурван байгууллага оролцож нэг нь шалгарсан. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа шиг Амараа гэдэг хүнд зориулж огт тендер зарлаагүй. Харин олон нийтэд, хүүхэд багачууддаа зориулж л уг ажлыг хийсэн. Жүжигчин Б.Амарсайхан “Түнтүүлээ” гэдэг киног хийж байгаа гэсэн. Харамсалтай нь ковид-19 өвчинтэй холбоотойгоор кино төслийн ажил жаахан удааширч хугацаандаа нээлтээ хийж чадаагүй. Тун удахгүй хүүхэд багачуудад зориулсан сайхан уран бүтээл олны хүртээл болно гэдэгт итгэж байгаа” гэв.
Жүжигчин Б.Амарсайхантай утсаар холбогдож 266 сая төгрөгийн төсөвтэй киногоо хүлээлгэн өгсөн үү хэмээн асуухад “Энэ асуудлаар уулзаж тайлбар мэдээлэл өгье. Манай төслийн талаар ГБХЗХГ болон харьяа яамнаас нь ч гэсэн тодруулаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг уулзаж өгнө” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Budrarhchn muu unchin huuhed ih hutsdag boljee aav eejgui hun ingej tom dugardag gej unen shu