БНХАУ-ын Чончин хотод гэрийнхээ цонхон дээрээс их хэмжээний бэлэн мөнгө цацсан эрэгтэйг цагдаа нар баривчлан саатуулжээ. Уг эрэгтэй хууль бус мансууруулах бодис их хэмжээгээр хэрэглэсэн байсныг тогтоожээ.
Цагдаагийн мэдэгдэлд 29 настай эрэгтэй гэртээ мансууруулах бодис хэрэглэж, эрүүл ухаанаа алдсан байсан гэжээ. Тэрбээр 30 давхарт байдаг гэрийнхээ цонхоор гадаа гудамжинд цаасан мөнгөөр бороо оруулсан байна.
Энэ сарын 17-ны өдөр болсон үйл явдлын бичлэгийг Хятадын цахим сүлжээнд хагас сая гаруй хүн үзжээ. Бичлэгээс харахад замын хөдөлгөөн удааширч, зарим хэсэгт бүрэн зогсож олон арван хүн машинаа орхин бууж тэнгэрээс унаж буй мөнгийг шүүрэхийг оролджээ.
2017 онд Чончин хотод нэгэн эмэгтэй зам дээгүүр алхаж бэлэн мөнгө цацсан бөгөөд цагдаагийн ажилтан араас нь дагаж мөнгийг нь түүж байсан тохиолдол бий. Орон нутгийн хэвлэлүүд уг эмэгтэй 16,000 юань цацсан гэж мэдээлжээ.
Түүнчлэн өнгөрсөн жил Фужиан мужийн Шиши хотод нэгэн эрэгтэй 100,000 юань гудамжинд цацсаны улмаас замын хөдөлгөөний түгжрэл үүсч байсан удаатай. Харин уг эрэгтэй дараа нь авсан мөнгөө буцааж өгөхийг хүмүүсээс нэхэж байжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.