Дэлхий дээр коронавирусийн халдвар огт бүртгэгдээгүй цөөхөн газар үлдсэний нэг нь Маршаллын арлууд байсан юм. АНУ-аас тусгаар тогтнолоо зарлаж байсан Маршаллын Бүгд найрамдах улсад Ковид-19 коронавирусийн анхны тохиолдол бүртгэгджээ.
Номхон далайн алслагдсан арлууд дээр байрладаг АНУ-ын баазад Хавайгаас мягмар гарагт ирсэн хоёр ажилчнаас коронавирус илэрсэн байна. Маршаллын арлуудад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол ийнхүү АНУ-аас ирсэн иргэдээс бүртгэгдлээ. Тэднийг цэргийн зориулалттай нисэх онгоцоор авч яван олон нийтээс тусгаарлаж байна.
Экваторын бүстэй ойр орших тус улс өнгөрсөн гуравдугаар сараас хойш цар тахлаас сэргийлэн хилээ хаагаад байгаа юм. Америкаас ирсэн 35 настай эмэгтэй, 46 настай эрэгтэй тусгаарлагдаж байхдаа халдвар тээсэн болох нь илэрсэн тул олон нийтэд тархах аюулгүй ажээ. Тэдэнд халдварын үеийн ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илрээгүй байна.
Дэлхий даяар коронавирусийн халдвар тархсан даруйд Номхон далайд байрладаг арлын улсуудын ихэнх нь хилээ хаасан. Учир нь эрүүл мэндийн тогтолцоо сайн хөгжөөгүй тул ард иргэдээ хамгаалж чадахгүй байдалд хүрэхээс эмээжээ.
Маршаллын арлуудын хувьд энэ жилийн зургадугаар сараас хатуу чанга хорио цээрийн дэглэмээ суллаж, нэн ялангуяа АНУ-ын цэргийн баазын ажилчдыг 2-3 долоо хоногийн тусгаарлалтад байлгасны дараа нэвтрэх эрхийг нь олгож байсан юм. Засгийн газрын зүгээс ард иргэдийг сонор сэрэмжээ алдалгүй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ баримталж чадвал хорио цээрийн дэглэмийг чангатгах шаардлагагүй гэж мэдэгдлээ. Мөн Засгийн газрын байгууллагууд, бизнесийн салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэжээ.
Тиймээс ард иргэдийг хоол хүнсээ нөөцлөх, их хэмжээгээр худалдан авалт хийх шаардлагагүй гэдгийг анхаарууллаа. Тус улс нь нийт 55,000 гаруй хүн амтай.
Одоогоор Кирибати, Микронезиа, Науру, Палау, Самоа, Тонга, Тувалу, Вануату улсуудад коронавирусийн дотоодын болон зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдээгүй.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.