Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн оюутнуудыг их сургуулиас нь хөөх хэрэгтэй гэж мягмар гарагт мэдэгджээ.
Тэрээр "Оюутан залуус аа. Хэрэв та нар сурахаар ирсэн бол сур. Сурахыг хүссэнийг нь сурга. Харин хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хүмүүсийн оюутан байх эрхийг нь хасах хэрэгтэй. Миний хэлсэнчлэн, тэднийг цэрэгт явуулж эсвэл гудамжинд гарга. Тэд гудамжаар алхаж л байг. Гэхдээ тэднийг их сургуулиас нь хөөх ёстой" гэж хэлсэн байна.
Лукашенко түүнчлэн эсэргүүцлийн жагсаалд оролцож буй багш, профессорууд ч мөн адил шийтгэл хүртэх ёстойг дурдан, "Багш нарын хувьд ч мөн адил. Тийм багш нар цөөхөн ч гэсэн тэд их сургууль дээрээ биеэ зөв авч явж чаддаггүй" хэмээн онцолжээ.
Беларусь улсад өнгөрөгч наймдугаар сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш дэгдээд буй өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалд олон оюутан, залуучууд оролцож байгааг Ерөнхийлөгч Лукашенко удаа дараа онцлон, шүүмжилсээр байгаа юм. Тэрээр энэ сарын 20-нд оюутны эсэргүүцлийн үйл ажиллагааны төв болсон гурван их сургуулийн ректорыг сольсон байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.