Филиппин улсад хууль бус тахианы зодооныг тараахыг оролдсон цагдаагийн офицерын аминд азарган тахиа хүрсэн хэрэг гарчээ.
Умард Самар мужийн дэслэгч Кристин Болок хууль бус бооцоот зодооныг тараах үеэр азарган тахианы сарвуундаа зүүсэн хурц үзүүртэй төмөр дэгээ зүүн гуя руу нь зоогдсон байна. Тахиануудыг зодолдуулах үед зүүдэг хурц иртэй дэгээ дэслэгчийн гуяны артерын судсыг тасалжээ.
Цагдаагийн офицерыг нэн даруй эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй нас барсан болохыг нь мэдэгдсэн байна. Филиппинчүүд тахианы бооцоот зодооноороо алдартай ч цар тахлын үед ийм төрлийн арга хэмжээг хориглоод байгаа юм.
Мужийн цагдаагийн газраас энэ явдлыг азгүй тохиолдол хэмээн мэдэгджээ. Мөн урьд өмнө ийм үйл явдал тохиолдож байгаагүй гэсэн байна. Хэрэгт холбогдуулан долоон азарган тахиа, 550 песо, хоёр дэгээг хураан авч гурван этгээдийг баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.