Америкийн маркетингийн Nxivm компанийн үүсгэн байгуулагч Кейт Раньеред бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдуулан 120 жилийн хорих ял оноожээ. Тэрээр өөрийгөө бэлгийн харилцааг тахин шүтэгч хэмээн үзэж хүүхэд эмэгтэйчүүдийг боолчлон, өөртэйгээ бэлгийн харьцаанд орохыг шахаж шаардаж ирсэн бөгөөд хүүхдүүдийг бохир заваан бичлэг хийхэд ашигласан, бэлгийн наймааны гэмт хэрэг үйлдсэн, дээрэмдэж шантаажилсан зэрэг хэдэн гэмт хэргүүдэд буруутгагджээ.
60 настай гэмт этгээдийн үлдсэн амьдрал торны цаана өнгөрөх нь гарцаагүй боллоо. Тэрээр хууль бус үйлдлийнхээ төлөө баригдаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн юм.
Шүүхээс түүнд 120 жилийн хорих ялаас гадна 1,7 сая ам.долларын торгууль ноогдуулжээ. Гэвч гэмтэн өөрийгөө хэлсээр гүтгэгдсэн, хэвлэл мэдээллийнхний бай болсон, гэм буруугүй хэмээн өмгөөлөөд байсан юм.
Nxivm компани нь 1998 онд Нью-Йоркод үүсэн байгуулагдаж байсан бөгөөд АНУ, Канад, Мексик, Төв Америк даяар 16,000 гаруй хувь хүн, албан байгууллагад үйлчилжээ. Гэвч үнэн хэрэгтээ Раньере компанийг удирдаж байхдаа эмэгтэй ажилчдаа боолоо болгон хувийн гаж сонирхлоо гүйцэлдүүлдэг байсан нь хамгийн анх 2017 онд сонины баримтаар илэрсэн юм.
Даниела нэртэй залуу бүсгүй Раньере түүнийг 18 нас хүрээгүй байхад барлагаа болгон ариун биеийг нь хөндсөн тухай шүүхийн өмнө гэрчилжээ. Бүсгүйн ярьснаар түүний эгч дүүсийг ч мөн бэлгийн мөлжлөгт оруулж жирэмсэн болгосон ба хүчээр үр хөндүүлсэн байна. Уг хууль бус, гаж хүрээлэлд Холливудын жүжигчид, чинээлэг өв залгамжагчид болон Мексикийн Ерөнхийлөгчийн хүү хүртэл багтсан байжээ. Тэдний зарим нь Раньерегийн эсрэг мэдүүлэг өгсөн байдаг.
Гэмт этгээд Нью-Йорк таймс баримтыг дэлгэсний дараа АНУ-ыг орхин зугтаж Мексикт амьдарч байгаад 2018 онд Холбооны мөрдөх товчооныхонд баригдсан юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.