Коронавирусийн шинэ давлагаа Европын орнуудад эрчимтэйгээр тархаж, хоногт хэдэн зуун шинэ тохиолдол бүртгэгдсээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад энэ долоо хоногт нас барж байгаа иргэдийн тоо 40 хувиар нэмэгджээ.
ДЭМБ-ын хэвлэлийн албаны ажилтан доктор Маргарет Харрисын хэлснээр Франц, Испани, Их Британи, Нидерланд болон ОХУ-д халдварын шинэ тохиолдол 30 гаруй хувиар өссөн байна. Халдварын шинэ тохиолдол, эндэгдэл нэмэгдэж байгаа учраас эмнэлгүүдэд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгууд дүүрч байгаад ДЭМБ-ын зүгээс ихээхэн түгшиж байна.
Манай хойд хөрш ОХУ-д өнгөрсөн нэг хоногт коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэд 320-оор нэмэгдэж, нийт 25,589 болжээ. Шинээр халдвар авсан 16,550 гаруй иргэн 24 цагийн дотор бүртгэгдсэн байна. Мөн Итали улсад эндэгдэл огцом нэмэгдэж хоногт 200 давж байна. Харин шинээр халдвар авсан 22,000 орчим иргэн бүртгэгджээ. Австри улсад мянгаас илүү хүн сүүлийн нэг хоногт нас барж байна.
Италийн Засгийн газар коронавирусийн хорио цээрийн дэглэмийг чангатгаж байгаад иргэд эсэргүүцэн хэд хэдэн хот, тосгонд жагсаал хийжээ.
Маргарет Харрисын хэлснээр хоёр дахь давлагаа эхнийхээсээ илүү хүнд тусах ба өмнө нь бүртгэгдээгүй өндөр тохиолдлууд илрээд байгаа юм. Сайн мэдээ гэвэл эмнэлэг, эмч мэргэжилтнүүд халдварын үед хэрхэн ажиллах туршлагатай болсон тул нөхцөл байдлыг хянах боломжтой гэж тэрээр нэмж мэдэгджээ.
Манай хойд хөрш Оросын Засгийн газар лхагва гарагаас эхлэн нийтийн тээврийн хэрэгсэл, такси, автомашины зогсоол, цахилгаан шат зэрэг хүн ихтэй газруудад заавал амны хаалт зүүх дүрмийг хэрэгжүүлж эхэллээ. Тус улсад халдварын нийт тохиолдол 1,5 сая давж дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.