СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-10-27

Б.Гүнбилэг: Хэнтий аймагт 11 сургууль баригдах бол Булган аймагт нэг ч сургууль баригдахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хэсэг хуульчид нэгдэн УИХ-аар хэлэлцэж буй 2021 оны улсын төсвийн хуулийг ҮХЦ-д өгч байгаа аж. Энэ асуудлаар манай сурвалжлагч хуульч, доктор Б.Гүнбилэгээс тодрууллаа

-2021 оны төсвийн яг ямар зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж та бүхэн үзэж байна вэ?

-Хөрөнгө оруулалтыг харилцан адилгүй, шударга бус хувиарлалт, мөн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байна, ялгаварлан гадуурлалтгүй байна, тэгш байдлаа хангуулна" гэсэн зарчмуудыг зөрчиж, төслийг өргөн мэдүүлсэн байна.

Хүний эрхийг дотор нь "Иргэний ба улс төрийн эрх", "Эдийн засгийн ба соёлын эрх" гэж хоёр хуваадаг. Эхний хэсэгт төр заавал баталгааг нь хангах ёстой. Өөрөөр хэлбэл, амьд явах, эрүүл мэндээ хамгаалуулах гэх мэт. Эрүүл мэндийн салбарт  маш олон шийдэх ёстой асуудал бий. Хавдрын эмнэлэг, эх нялхас гэх мэт эмнэлэгүүдэд хүмүүс дугаар авч сарын дараа үзүүлж байна, ор олдохгүй хэдэн сараар гэртээ хэвтэж байна. Гэтэл эдийн засаг нийгэм соёлын эрхийг хангах дээр энэ удаагийн улсын төсөвт маш их зүйл хийсэн байна. 

Хэнтий аймгийн нэг суманд л гэхэд 1,4 тэрбум төгрөг хувиарласан. Энэ чинь улс иргэнээ хамгаалах ёстой, амьд явах эрхээр нь хангах ёстой гэсэн зүйл заалтуудыг зөрчиж байна. 

Улсын төсөв гэдэг бол айл өрхийн төсөвтэй ижил. Танд 10 000 төгрөг байлаа гэхэд аяга авах уу, эм авч толгойны өвчнөө намдаах уу гэдэг сонголт байлаа гэхэд эмээ л авч ууна. Анхан шатны хэрэгцээгээ хангах ёстой.

Дараагийн нэг асуудал нь аймаг аймагт амьдарч байгаа хүмүүст төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ харилцан адилгүй байна. Хэнтий аймагт л гэхэд 6 сургууль, 3 дотуур байр, 2 цэцэрлэг шинээр барих гэж байна. Гэтэл хүн ам ойролцоо Булган аймагт нэг ч цэцэрлэг баригдахгүй.  

Төсвийн тэгш бус хувиарлалт дээр иргэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна, мөн төрийн бусад /ерөнхийлөгч/ институт дуугараасай гэж хүсч байна

Боловсролын салбарт Хэнтий аймагт 30,0 тэрбум төгрөг төсөвлөсөн байхад Булган аймагт 1 тэрбум. Мөн Хэнтий, Баянхонгор аймагт өчнөөн спортын цогцолбор барина гэсэн мөртлөө бусад аймагт байхгүй. 21 аймагт амьдарч буй хүүхдүүд бүгд ижил тэгш эрхтэй. 

Хуульчдын зүгээх ҮХЦ-д хандахаар төлөвлөж байна. Хууль эцэслэж гараагүй байна. Төсөл дээрээ явж байгаа учраас яг одоо гомдол гаргаж болохгүй. Батлагдсаных нь дараа өгөх гэхээр ҮХЦ наадах чинь УИХ-ын онцгой бүрэн эрх гээд нам дарж магадгүй.

Нөгөө талаас ҮХ-д нэмэлт өөрчлөлт орсон. Төсөв дээр улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого зарлагыг өөрчлөн баталж болно. Ингэхдээ ЗГ-ын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэж заасан. Энэ хүрээнд шинэ жишиг тогтоох боломжтой юм. ҮХЦ энэ жишгийг бариасай гэж хүсч байна. Горьдлого байна. Хуульчид, сэтгүүлчид бүгд яг одоо л дуугарах ёстой.

-Өчигдөр /2020-10-26/ МАН-ын бүлгийн хурал дээр сэтгүүлчид асуусан л даа. Хууль зөрчиж байгаа юм биш үү гээд. Энэ бол өнгөрсөн жилээс яригдсан асуудал гэсэн тайлбар өгсөн?

-Б.Энхбаяр гишүүн их зөв дуугарч байна лээ. Иргэний тэгш эрх гэж байхад яагаад хууль зөрчиж байна вэ гээд. Эдийн засгийн үр бүтээмжээ харах ёстой. Аймгийн иргэдийн эрх гэж ярихгүйгээр улсын хэмжээний том төслийг хөдөлгөх гэж байгаа бол хамаа алга. Би дахиад хэлье, нэг аймагт 30,0 тэрбум, нөгөө аймагт нэг тэрбум гээд л та нар ойлгочих. 

Гэтэл ирэх жилийн төсвийг харахаар тэвчиж болох өчнөөн зардал байна. Хэнтий аймагт заавал 5 тэрбум төгрөгийн хөшөө хэрэгтэй юм уу. Коронавирусийн аюул дэлхий нийтийг заналхийлж байхад тэвчиж болох бүх зардлыг тэвчих ёстой шүү дээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.