Нийслэлчүүд гол төлөв амралтын өдрөөр цэвэр агаар амьсгалахаар зорьдог газруудын нэг болох Зайсангийн амаас Богдхан уул руу гарахад монгол иргэн 300 төгрөг, гадаад иргэн 3000 төгрөг төлөхөөр болжээ.
Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны менежерээс тодруулахад “2001 оны БОАЖ сайдын 117 тушаалыг хэрэгжүүлж байна. Уг тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт үзүүлэх ажил үйлчилгээний нэг удаагийн хөлс төлөх” журмын дагуу авч байгаа. Журам гарсан байдаг ч хэрэгжүүлдэггүй байсан. Өнгөрсөн долоо хоногоос Зайсангийн ам руу гарч байгаа иргэдээс авч эхэлсэн. Долоо хоногт 300 орчим иргэн Зайсангийн амаас Богд уул руу гардаг. Жилийн дөрвөн улиралд хүний хөл тасардаггүй тус газар элэгдэж моддын үндэс цухуйн, хүмүүс замаас хазайн ил задгай бие засах үзэгдэл их гардаг. Иймээс хоёр ширхэг био жорлонг шийдэж, долоо хоног болгон хог цэвэрлэж байна. Тиймээс иргэдээс авах хураамжийг Богд уулын аяллын замын тохижилт, камержуулалт, хог ачилтын төлбөр, био жорлонгийн цэвэрлэгээ, арчилгаа хийхэд зарцуулна” хэмээв.
Богдхан уулын гурван аманд нийт 29 байгаль хамгаалагч ажилладаг байна. Бусад тусгай хамгаалалтын газар нутагт нэвтрэхэд дээрх журмын дагуу 300 төгрөг төлдөг ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.