Италийн Сициль арлын Салеми хотын удирдлага орхигдсон байшингуудаа 1.18 ам.доллароос эхлэх үнээр дуудлага худалдаанд оруулж байна.
Энэхүү үйлдэл нь тус хотыг сэргээн хөгжүүлж, шинэ оршин суугчдыг татах ажлын нэг хэсэг гэдгийг Хотын дарга Доменико Венути онцолжээ. Салеми хотод 1968 онд газар хөдлөлт болж, 4,000 орчим оршин суугч бүс нутгаас гарч явсны дараа хотын хүн ам улам бүр цөөрсөөр өнөөдрийг хүрсэн аж.
Венути "CNN" агентлагт өгсөн ярилцлагадаа "Бүх барилгууд Хотын зөвлөлд харьяалагддаг тул хатуу дүрэм журам байхгүй бөгөөд борлуулалт түргэн хийгдэх боломжтой. Энэхүү төслийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө бид эдгээр байшин байрладаг хотын хуучин хэсгүүдийг сэргээж, дэд бүтцийг сайжруулан, авто зам, цахилгаан шугам, бохирын хоолой зэргийг шинэчилсэн. Одоо Салеми хот дараагийн алхамдаа бэлэн болсон" хэмээн тэмдэглэжээ.
Түүнчлэн сонирхсон худалдан авагчид үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаасаа өмнө Салеми хотод заавал ирэх шаардлагагүй хэдий ч сэргээн босгох ажилд үнэнчээр оролцоно гэдгээ нотлох засварын ажлын нарийвчилсан төлөвлөгөөг бүрдүүлж өгөх хэрэгтэй аж.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.