Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,11 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил 2019 оны зургадугаар сард эхэлсэн боловч, багадаа дөрвөн оны /2022 он/ нүүр үзэх нь тодорхой болоод байна.
Дээрх чиглэлийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоод Улаанбаатар-Дарханы чиглэлийн авто зам нь олон улсын хамаарал бүхий ачаалал ихтэй зам болохыг онцлоод энэ ондоо багтааж ашиглалтад оруулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг болгож байв. Харин үүний хариуд сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Налайх, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь хөдөлгөөний эрчим ихтэй, баярын өдрүүдээр ачаалал нь хэт ихэсдэг тул энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа” талаараа илтгэж байлаа.
Харамсалтай нь, ЗТХЯ-ны удирдлагууд 2019 онд хур тунадаст бурууг чихсэн бол 2020 онд коронавирус болон тендерийн гүйцэтгэгч солигдсон гэсэн шалтгаанаар энэ замын нэгээхэн хэсэг ч ашиглалтад орсонгүй.
Харин энэ замын тухай УИХ-ын гишүүн Г.Дамдинням өнөөдөр “Эхний урсгал ирэх намар ашиглалтад орно. 2,4-р багцыг дахин тендер хийх болсон. Эхний авсан айл нь ажлаа хийж чадахгүй гээд больсон” гэсэн хариултыг өглөө.
БНХАУ-ын “Чайна Стейт Шинжиан Констракшн Инженеринг групп нь ”Багц-2-ын “Төв аймгийн Баянчандмань сумын Соёолж өнгөрөөд Хар үзүүрийн ар тал хүртэлх 7 километр зам”, багц-4-ийн “Төв аймгийн Сүмбэр сум салдаг уулзвараас Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараа хүртэлх 2.9 километр зам” тендерийг авсан ч цуцлах хүсэлтээ өгөөд байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.