Коронавирусийн хоёр дахь давлагаа Европын улс орнуудад тархаж, халдварын тохиолдол хэдэн зуун мянгаар нэмэгдэж байна. Энэ үед Бельги улсын Льеж хотын эмнэлэг ачааллаа дийлэхгүй болсонтой холбогдуулан коронавирусийн халдвар авсан эмч нарыг ажлаа үргэлжлүүлэн хийхийг хүсчээ.
Льеж хотын эмнэлгийн нийт ажилчдын ¼ нь буюу дөрвөн ажилтан тутмын нэг Ковид-19-өөр халдварлаж өвдсөн байдалтай байна. Хотын 10 орчим эмнэлэгт коронавирусийн халдвар авсан ч хүнд ноцтой шинж тэмдэг илрээгүй тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх шаардлагыг эмч мэргэжилтнүүдэд тавьжээ.
Бельгийн Анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн доктор Филиппе Девос энэ талаар ярихдаа цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь сүйрүүлэхгүйн тулд халдвар авсан эмч нарыг ажиллуулахаас өөр сонголтгүй байна гэжээ. Мэдээж хэрэг энэ тохиолдолд халдвар авсан эмч нар өвчтөнүүдэд халдвар тараах өндөр эрсдэлтэй гэдгийг тэрээр онцолжээ.
Льеж хотын хувьд гурван хүн ам тутмын нэг нь халдвар авсан байна. Эмнэлгүүд яаралтай бус мэс засал, хагалгаануудыг цуцалжээ. Улсын хэмжээнд цар тахлын 320,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10,000 гаруй хүн нас баржээ.
Европын улс орнуудад халдвар дахин эрчимжсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс даваа гарагт аялал зуучлалаа зогсоож, гэртээ байж, шаардлагатай тохиолдолд улс орон даяар тусгаарлалтын горимд шилжихийг уриалсан байна.
Одоогоор Итали, Испани, Их Британи, Чех, Франц улсуудад цар тахал өргөн хүрээг хамарч тархаад байна. Итали улсад хоногт 20,000 орчим тохиолдол илэрч байна. Тус улсад бялдаржуулах төвүүд, кино театр, усан санг хаах шийдвэр гаргаж, улс орон даяар тусгаарлалтын дэглэмд шилжихээс аль болох зайлсхийхийг оролдож байна. Хэрэв дахин улс даяар хорио цээр тогтоовол эдийн засгийн байдал улам хүндэрнэ гэдгийг Ерөнхий сайд Жузеппе Конте анхааруулсан.
Испани улсад онц байдал зарлаж, зоогийн газар, баар, кафе 18 цаг хүртэл ажиллаж, шөнө дундаас хойш хөл хорио тогтоосон ба спортын арга хэмжээнүүдийг хориглосон ч дэлгүүр, бизнесийн байгууллагуудыг нээлттэй үлдээжээ.
Бельги улсад мөн усан сан, бялдаржуулах төвүүдийг хааж, дэлгүүр худалдааны төвүүдийг 20 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрчээ. Олон нийтийн газарт амны хаалт заавал зүүхийг шаардаж байна.
Харин Франц улсад коронавирусийн шинэ тохиолдол хоногт 100,000-д хүрч болзошгүй байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан анхаарууллаа. Парис зэрэг арав орчим хотод шөнийн цагаар хөл хорио тогтоосон ч халдварын нийт тохиолдол өнөөдрийн байдлаар 1 сая 200 мянгад бараг хүрч, 35,000 хүн нас бараад байна. Эрх баригчид, тэр дундаа эрүүл мэндийн салбарынхан цар тахлын хоёр дахь давлагаа эхнийхээсээ ч илүү хүнд тусах ба биднийг юу хүлээж байгааг иргэд ойлгохгүй байгаа тул тоомжиргүй хандаж байгааг сэрэмжлүүлж байгаа юм.
Манай хойд хөрш ОХУ-д хоногт халдварын 18,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж нийт тохиолдол 1,5 саяыг давлаа. Гэвч хамгийн их цар тахалд нэрвэгдэж буй хот бол нийслэл Москва гэдгийг албаныхан анхааруулж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.