БГД-ийн 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Э.Магнайбаяр сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэн, МАН-д элссэнтэй холбоотойгоор тус дүүргийн сонгогчид хэвлэлийн бага хурал хийн, түүнийг эгүүлэн татах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
БГД-ийн 23-р хорооны иргэн Р.Санжсүрэн:
-БГД-ийн 23-р хороонд МАХН-аас нэр дэвшиж Баянгол дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан Э.Магнайбаяр албан ёсоор төлөөлөгчийн эрхээ аваагүй байхдаа МАН-д гишүүнээр элсэж, сонгогчдын эрхийг зөрчсөн.
Манай хороон дээр нэр дэвшиж мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахдаа хоёргүй сэтгэлээр та бүхнийхээ төлөө хүчин зүтгэнэ гэж хэлж байсан. Бид сонгогдсонд нь баяртай байсан. Гэтэл сонгууль дуусаад төлөөлөгчийн үнэмлэхээ ч аваагүй байхдаа өөр намд урвасан нь сонгогчдын эрхийг зөрчлөө. Иймээс би сонгогчийн хувьд эгүүлэн татах ёстой гэж үзэж байна. Манайхаас 922 хүний саналаар гарсан. Энэ бүх хүний саналаар наймаа хийсэн гэж би үзэж байна.
БГД-ийн 23-р хорооны иргэн Б.Алтанцэцэг:
-Би энэ хороонд 22 жил амьдарч байна. Энэ залуу сонгогчдын саналыг ялсан талд зарж, увайгүй үйлдэл хийлээ. Ийм хүн цаашдаа эх орноо зарахаас ч буцахгүй. Тиймээс энэ хүнийг эгүүлэн тат. Хэрвээ хүлээж авахгүй бол бид суулт хийнэ. НҮБ-д хандах болно.
БГД-ийн 23-р хорооны иргэн Д.Тунгалаг:
-Би энэ залууд итгэл хүлээлгэсэндээ харамсаж байна. 3700 сонгогчийн эрхийг зөрчиж сонгогчоо худалдсанд гомдолтой байна. Сонгуулийн хороо, Их хуралд хандаж байна. Сонгогчид өөрийн эрхээ хамгаалах хэрэгтэй. Манай хорооноос 922 хүний санал 51 хувиар ялалт байгуулсан.
Өмгөөлөгч Л.Баттогтох:
-19-ний өдөр 27 тоот тогтоол гарч, Э.Магнайбаярыг сонгогдсонд тооцсон. Энэ тогтоол гарахаас өмнө Э.Магнайбаяр намаа сольсон. Хуулинд маргааны зохицуулалтыг захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зохицуулна гэж заасан. Иймд бид өчигдөр шүүхэд хандсан.
Аймаг нийслэл сум дүүрэг ИТХ-ын сонгуулийн 34.1, 37, 54-р зүйлийг зөрчсөн бол гэм буруутайд тооцно. Хэрвээ гэм буруутай тогтоогдвол эгүүлэн татна гэсэн байгаа. Шүүхийг шударга шийд гаргана гэдэгт итгэж байна. 1992 оны Үндсэн хуульд иргэдийн сонгох, сонгогдох эрхийг заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ийм бусармаг үйлдэл гарч байгаагүй.
МАН нэг суудал нэмж авахад олонх болох байсан. 21 суудалтай болчихвол дүүргийн олонх болох байсан учир Э.Магнайбаярыг олзолсон.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
урвагч