Пакистаны зүүн нутгийн Лахор хотод тус улсын анхны метро ашиглалтанд орж, зорчигчид тээвэрлэж эхэлжээ.
Хүн ам шигүү оршин суудаг Лахорын Орэнж метроны шугам хотын дундуур 27 км урт үргэлжлэх бөгөөд 12 зогсоолтой. Автобусаар хоёр цаг хагас явдаг замыг метрогоор 45 минутын дотор туулдаг болжээ.
Албаны хүмүүсийн тооцоолсноор метро бүрэн хүчин чадлаараа ажиллахад өдөр бүр 250,000 зорчигч метрогоор үйлчлүүлэх боломжтой юм байна. Пунжаб мужийн захирагч Узман Буздар ням гарагт нээлтийн арга хэмжээн дээр уг төсөл нь Лахор хотын оршин суугчдыг дэлхийн хэмжээнд хөл нийлүүлэн алхахад хувь нэмрээ оруулж буйг дурджээ.
Метроны шугамыг ашиглалтанд оруулах төсөл 300 тэрбум рупи буюу 1,8 тэрбум ам.доллараар хэрэгжсэн байна. Даваа гарагаас эхлэн анхны зорчигчдодоо үйлчилжээ.
Лахор хотод метро тавих төсөл олон жил хойшлогдож, улс төрийн хүрээнд маргаан дагуулсаар ирсэн юм. Барилгын ажлыг Хятадын тал хариуцсан ба Пакистан улсыг их хэмжээний өр зээлэнд унагаж байгаад дургүйцсэн хүмүүс олон байна. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Хятадын Засгийн газар Пакистан улсад олон арван тэрбум долларын хөрөнгө оруулаад байгаа. Уг санаачилга Ази, Африк, Европыг холбох дэд бүтцийн мега төсөл билээ.
Нөгөө талаар метроны шугам барихын тулд Лахор хотын алдартай Шалимар цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудыг сүйтгэсэн нь иргэдийн эсэргүүцэл, жагсаал тэмцэлтэй тулгарсан юм. Тус цэцэрлэгт хүрээлэн дэлхийн өв соёлын санд бүртгэлтэй байдаг ч шугам тавихын тулд 600 гаруй модыг нь унагажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.