ЭМЯ-наас сүүлийн гурван хоногт 1189 хүнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. Эдгээр иргэдээс 1178 хүнд халдвар илрээгүй бол 11 хүний сорьцоос коронавирус илэрчээ.
Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 2-38 насны дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй хүнээс халдвар илэрсэн.
Аравдугаар сарын 23, 24-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тир автомашины жолооч 46, 50 настай ОХУ-ын иргэдээс шинжилгээ авахад коронавирус илэрсэн.
Аравдугаар сарын 24-нд Франкфуртээс ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илрээд байна.
Сүүлийн гурван хоногт Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 11-ээр нэмэгдсэн нь гурав нь ОХУ иргэн, найм нь Монгол Улсын иргэн байгаа юм. Ингээд нийт батлагдсан тохиолдол 339 болж, 312 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д 27 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 22 нь хөнгөн, долоон иргэн хүндэвтэр байгаа юм.
Дэлхий дахинд сүүлийн нэг хоногт 438 мянган тохиолдол бүртгэгдэж, 5066 хүн нас баржээ. Сүүлийн нэг сарын турш ОХУ-аас ирж байгаа иргэдээс халдвар илэрч байгаа тул Алтанбулаг боомтоор орж байгаа иргэдэд онцгой анхаарч ажиллаж байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.