Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны аравдугаар сарын 23-ны 22:10 цагт албан ёсоор зарласан байна.
Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаахан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.
ФАТФ-аас дөрвөн шууд хэрэгжилтийн хүрээнд зургаан үүрэг даалгавар өгсний гурав нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолж байсан.
Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хороотой тасралтгүй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан санхүүгийн болон санхүүгийн бус зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүддээ талархлаа илэрхийлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.