-Дархан цаазат ууланд мөнгө угаасан байж болзошгүй хэргийг удахгүй прокурорын хяналтад шилжүүлнэ-
Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай бүсэд аялал жуулчлал нэрээр орон сууцын барилга, хувийн харш, хотхон барьж, хууль зөрчих явдал хэрээс хэтэрсэн билээ. Үүнтэй хууль сахиулах байгууллагынхан тэмцэж, шалгадаг ч тэгсхийгээд замхардаг. Гэвч хууль сахиулагчид шантралгүй, өнгөрсөн зун хэд хэдэн хорооллын газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл, санхүүгийн эх үүсвэрийг шалгаад, гадаадын иргэд Монгол Улсын нийслэлд мөнгө угааж, хууль бусаар олсон орлогоо үл хөдлөх хөрөнгө болгож байж болзошгүй байгааг тогтоосон юм. Түүгээр ч зогсохгүй салбарын сайдаар ажиллаж байсан Д.Оюунхорол албан тушаалаа ашиглаж, садан төрлийнхөндөө амины орон сууц барих газар олгосон байсныг хууль сахиулагчид шалгаж эхэлснийг бид хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа гадаадын иргэд Богдхан ууланд хууль зөрчин газар авч мөнгө угааж байсан үйлдлийн явц хэрхэж буйг баттай эх сурвалжуудаас мэдээлэл аван хүргэе.
Улсын нийслэлийн маань өмнөд хэсэгт дүнхийх, Хан Хэнтийн нурууны салбар уулсын нэг Богдхан уулыг тэртээ 1778 онд дархалж, дэлхийд хамгийн анхны дархан цаазат газар хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг билээ. Манай улс 1995 онд Богдхан уулыг хуулиар дархалж, тусгай хамгаалалтад аваад зогсохгүй ЮНЕСКО ч түүний дараа жил нь дэлхийн шим мандлын сүлжээнд оруулан бүртгэсэн байдаг. Гэтэл дархан цаазат энэ ууландаа манайхан зэрлэгээр халдаж, ам болгоныг нь хашиж, орон сууц, хувийн эдлэнгээ босгосон гэхэд хилсдэхгүй.
Уг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах”-ыг зөвшөөрч, үүнээс өөр зориулалтаар барилга байгууламж барихыг хориглохоор заасан.
Харамсалтай нь, үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын дарга нарын шийдвэрээр энэ дархан цаазат ууланд хуулийн дагуу ч, зөрчөөд ч газар олгосоор ирсэн юм. Тиймээс ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгалт хийж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай дөрвөн ч аж ахуйн нэгж орон сууцын хороолол барьсныг өнгөрсөн наймдугаар сард илрүүлэн хэвлэлийнхэнд мэдээлэл өгч байв.
Тэгвэл прокурорын байгууллагынхны өгсөн мэдээллээр Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутагт, Богдхан уулын дархан цаазат бүсэд хууль бусаар “Хонгран сфеко”, “Ньюблэк даймонд”, “Люкс нью проперти солюшн”, “Си си энд Би би” гэсэн аж ахуйн нэгжид өгсөн газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, шалгалтаа цааш нь үргэлжлүүлж байгаа аж. Мөрдөн байцаалтын явцад Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Налайх хүртэлх зам дагуу “Home garden” нэртэй амины 112 айлын орон сууцыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хонгран сфеко” ХХК 90 орчим тэрбум төгрөгөөр барьсан аж. Барилга барих газрыг тус компанийнхан анх 2008 онд дуудлага худалдаанд оролцож ашиглах эрх авчээ. Ингэхдээ канадын модон технологи бүхий амины орон сууц барина хэмээн дуудлага худалдаанд ялсан гэнэ. Гэвч дуудлага худалдааны анхны үнэ болох нэг тэрбум 320 сая төгрөгийн төлбөрөө төлөөгүй атлаа эх үүсвэр нь тодорхойгүй 90 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөөр дээрх орон сууцуудыг барьсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй юм. Түүнчлэн газрын төлбөрөө удаа дараа дутуу төлж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь ч тогтоогдсон байна.
2008 оноос хойш 90 орчим тэрбумын хөрөнгөө оруулсан хятадууд нь сураггүй, хамтрагчид нь хөрөнгийн эх үүсвэрийг нь тайлбарлаж чадахгүй, дутуу барьж орхичихоод санаа ч зовохгүй, барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах талаар хөөцөлдөхгүй буй нь мөнгө угаасан байж болзошгүй гэсэн хардлагыг хэнд ч төрүүлэх нь гарцаагүй.
Өмнөд хөршийн иргэдийн хөрөнгө оруулалттай “Ньюблэк даймонд” компанийнхан 2011 онд Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Арцатын аманд аялал жуулчлалын зориулалтаар 16 га газар авчээ. БОАЖЯ-ныхан ч уг зориулалтын дагуу газар ашиглуулах зөвшөөрөл олгосон гэнэ. Гэтэл дээрх газарт 2-7 давхар бүхий 121 блок орон сууцын зориулалттай барилга барих архитектур төлөвлөлтийн даалгаврыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан гэнэ. Улмаар 2014, 2017 онд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нэмж олгосон аж. Энэ нь манай төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо муу, авлига, хээл хахууль ч нөлөөлсөн байж болзошгүйг илтгэж буй юм.
Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын зориулалттай барилга барих газарт 2-7 давхар орон сууц барих боломжийг нийслэлийн дээрх газрын албан тушаалтнууд зөвшөөрсөн гэсэн үг.
Үүний цаана тухайн үеийн энэ газрын удирдлага, эрх мэдэлтнүүд хэтэвчээ зузаалсан нь гарцаагүй. Ийн хэлэх болсон үндэслэл нь аялал жуулчлал, сувиллын зориулалтаар газар олгосон баримт байсаар атал нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрынхан нийтийн болон амины орон сууцын барилга барих зөвшөөрөл олгосонтой холбоотой. Дархан цаазат Богдхан уулын Арцатын аманд “Ньюблэк даймонд” ХХК-ийнхан “Элегант интернэйшнл инвестмент Монголиа”, “Си ар си жи Монголиа девелопмент” компаниар барилга бариулсан юм байна. Гэвч 2017 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалт орж ирэхээ больсон хэмээн ажил нь зогсжээ. Үүнээс өмнө дээрх барилгыг барихад эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө орж ирж байсан бөгөөд түүнийг нь нарийвчлан тодруулахаар өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынхантай манай цагдаагийнхан хамтран ажиллаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр тус компанийг Эрүүгийн хуулийн 18.6 дахь хэсэгт заасан “Мөнгө угаасан” үндэслэлээр шалгаж, удахгүй мөрдөн байцаалт дуусах гэнэ.
“Ньюблэк даймонд” ХХК-ийнханд хууль зөрчин зөвшөөрөл олгоход зөвхөн нийслэлийн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудаас гадна БОАЖЯ-ныхан ч холбоотой байж болзошгүй байна. Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33.2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно” хэмээн заасаар байтал тус яамны эрх бүхий албан тушаалтнууд түүнийг зөрчин газар олгуулсан бололтой. Үүнээс гадна гадаад, дотоодын хүмүүс нийлж аялал жуулчлалын зориулалтаар хэмээн бичиг баримт бүрдүүлж Монголын төрийг залилан мэхэлсэн байж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39.1-т “Ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно” хэмээн заасан. Мөн Газрын тухай хуулийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана” хэмээсэн байгаа. Гэтэл дээр өгүүлсэн “Ньюблэк даймонд” компанийнхан уг заалтыг зөрчсөн байгаа юм. Тодруулбал, тус компанийнхан нэг хөрөнгө оруулагч болох “Элегант интернэйшнл инвестмент Монголиа”-д 2013 оны арваннэгдүгээр сард шилжүүлсэн аж. Уг компанийн хөрөнгө оруулагч нь БНХАУ-ын иргэн Сонгюинг Гу, Хонгуанг Панг, Дай Кьюнхай нар юм байна.
Ийнхүү БНХАУ-ын иргэдийн нэр дээр шилжүүлснээр дээр дурдсан хэд хэдэн хуулийг зөрчиж, газрыг нь хураан, улсын мэдэлд авах нөхцөл бүрдсэн юм.
Зөвхөн дээрх аж ахуйн нэгжүүдээс гадна “Си си энд Би би” компанийнхан Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсангийн ам дахь 3.75 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар авчихаад цааш нь өмнөд хөршийн “Зизианжахуй”-д хувьцаа шилжүүлэх нэрээр дамжуулсан болох нь батлагджээ. Ингэж дамжуулчихаад газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрөө төлөөгүй гэх зэрэг олон зөрчил гаргасан байх юм. Өөрөөр хэлбэл, тус компанийнхан “Каркас” компанитай 2012 онд барилга угсралтын гэрээ байгуулж, амины 32 орон сууц бариулсан нь өдгөө 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй, ажил нь зогссон аж.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Люкс нью проперти солюшн” компанийнхан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшилж болохуйц байдлаар газраа ашигласан нөхцөл байдал тогтоогдсоныг хуулийн байгууллагынхан нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичигтээ тодотгожээ.
Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зургадугаар сард газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргахдаа “Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, “Ургах наран” хорооллын урд талын авто болон төмөр замын хооронд газар ашиглагч “Люкс нью проперти солюшн” ХХК нь өөрийн ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул газар ашиглах эрхийг хүчингүй болгосугай” гэжээ.
Тэнд тус компанийнхан 80 мянган ам метр талбайд “Хаппи виллаж” нэртэй амины орон сууцын хороолол барьж байсан юм.
Ийнхүү барилга барих явцдаа Туул голын нэг цутгал Хөлийн голын голдиролд үйл ажиллагаа явуулснаар хөрс нь хэсэг газраа доройтож бохирдсон, ахуйн хог хаягдлаар дүүрсэн, сул шороо ихтэй болсон нь шалгалтын явцад тодорхой болсон гэнэ. Тиймээс дээрх компанийн эзэмшиж буй газрын гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1.2-т заасан “Газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэх заалтыг үндэслэн хураан авсан байна. “Люкс нью проперти солюшн” компаний нхан үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулахуйц үйл ажиллагаа явуулсны зэрэгцээ Монгол Улсын төсөвт төлөх ёстой газрын төлбөр болох олон сая төгрөгийг тушаагаагүй нь дээрх хуулийн 40.1.5 дахь хэсгийн “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол хүчингүй болгоно” гэснийг зөрчсөн баримт ч тодорхой болсон аж.
Тиймээс НПГ-аас нийслэл, дүүргийн Газрын алба, Засаг дарга нарт нь албан тоот илгээж хуулийн заалтыг биелүүлэхийг шаардан нэр дурдсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай дөрвөн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь хүчингүй болгуулсан гэнэ. Гэтэл тухайн аж ахуйн нэгжүүдтэй хөрөнгөө нийлүүлсэн манай улсын хөрөнгө оруулагч нар өөрсдийнхөө оруулсан мөнгийг л олж авмаар байна. Цааш нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулах, хураан авч улсын орлого болгох, эсэх нь бидэнд хамаагүй гэж буй сурагтай.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.