Испани улсын харьяат Каталонийн өөртөө засах орны цагдаа нар зүүж явсан амны хаалт дотроо 16 уут героин хар тамхи нууж байсан хар тамхины наймаачныг баривчилжээ.
Орон нутгийн "Mossos d'Esquadra" цагдаагийн албаны ажилчид тус этгээдийг Таррагано аймгийн Вендрель хотын "N-340" зам дээрээс саатуулсан байна. Уг эрэгтэй замын хөдөлгөөний хянах хэсгээр өнгөрөхдөө илт сандарч байсан бөгөөд офицерууд түүнийг шууд сэжиглэж эхэлсэн аж.
Ингээд цагдаа нар түүнд нэгжлэг хийхдээ амны хаалтаас нь хар тамхи илрүүлэн, түүнийг нийгмийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт сэжиглэн баривчилсан гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна.
Энэхүү явдал нь Испанийн цагдаа нар амны хаалт дотроо хар тамхи нуусан иргэнийг баривчилсан анхны тохиолдол биш аж. Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Испанийн баруун хойд хэсгийн офицерууд амны хаалт дотроо мансууруулах бодис нууж байсан 52 настай эрэгтэйг баривчилсан байна. Түүний нууж байсан хар тамхийг илрүүлсний дараа сэжигтэн цагаан боодолтой хар тамхийг залгих гэж оролдсон гэнэ.
Эх сурвалж: Newsweek
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.