Умард Солонгос улсын эрх баригчид ард иргэддээ хандан гэрээсээ гаралгүй, хаалга цонхоо онгойлгохгүй байхыг сануулжээ. Учир нь БНХАУ-ын нутаг дэвсгэрээс салхиар дамжин ирж буй шар шороо коронавирус тээвэрлэн тархааж болзошгүй хэмээн сэрэмжлүүлсэн байна.
Пүрэв гарагт зарласан уг сэрэмжлүүлгийн дараа Умард Солонгосын Пёньян хотын гудамж хоосорчээ. Тус улс коронавирусийн халдваргүй гэдгээ батлан мэдэгдсэн. Гэхдээ нэгдүгээр сараас хойш хилээ хааж, хатуу чанга хөл хорионы дэглэм хэрэгжүүлж эхэлсэн.
Одоогоор коронавирусийн халдвар тоос шороогоор дамжин халдварладаг эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй. Туркменистанд вирус тоос шороогоор дамжин тархах тул иргэдийг амны хаалтаа зүүхийг уриалсан хуурамч мэдээлэл гарчээ.
БНАСАУ-ын төв телевизээр цаг агаарын анхааруулга сэрэмжлүүлэг өгөхдөө шар шороогоор шуурах үед гадна талбайн ажлуудыг улс даяар хорьсон тухай дамжуулсан байна. Жилд хэд хэдэн удаа Монгол, Хятадын элсэн цөлөөс шар шороон шуурга Умард болон Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хүрч шуурдаг. Энэ шуурга замаараа хортой бохир тоос, тоосонцор хамснаар хоёр Солонгосын оршин суугчдын эрүүл мэндийг хохироодог байна.
Умард Солонгосын төрийн мэдлийн сувгаар коронавирус агаараар дамжин халдварлах боломжтой гэдгийг судалсан талаар мэдээлжээ. АНУ-ын Халдварт өвчний хянах төвөөс коронавирус агаарт нилээд олон цагийн турш тэсвэрлэн үлдэх боломжтой гэж үзсэн. Гэхдээ маш ховор тохиолдолд агаар дахь тоос тоосонцроор дамжин халдварлах боломжтой бөгөөд ихэвчлэн ханиалгаж, найтааж, шүлсээ үсэргэн ярьж байгаа хүнтэй ойр байгаа тохиолдолд агаар дуслын замаар халдварладаг байна.
Харин Өмнөд Солонгосын Засгийн газар Хятадын шар шороогоор дамжин коронавирус халдварлана гэсэн мэдээллийг няцаажээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.