Эрүүл мэндийн яамны мэдээллийн ээлжит цагаар ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Номин суулгалт өвчний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.
Суулгалт гэдэг нь 24 цаг буюу хоногт гурав ба түүнээс дээш удаа эмгэг хольцтой шингэн баахыг хэлдэг. Эмгэг хольц гэдэг нь баасанд усархаг, ялзмагтай, цустай байх зэрэг юм. Мөн өвчний үед шингэн ховдоглон уух, унтаарах, халуурах, цонхийх, бөөлжих шинж тэмдгүүд илэрнэ.
Энэ нь халдварын ба халдварын бус шалтгаантай. Улирлын томуу, томуу төст өвчний үед 0-5 насны хүүхдэд зонхилон тохиолддог.
Ротавирус-Вирусийн гаралтай суулгалт өвчний 70-80 хувийг ротавирусийн гаралтай суулгалт өвчин эзэлдэг. Манай орны хувьд 5, 6, 9, 10, 11 сард өндөр тархалттай байдаг. Энэ өвчний үед их хэмжээний усархаг, олон тоотой шингэн баадаг.
Аденовирус-Амьсгалын дээд замын цочмог халдвар өвчинтэй хавсарч явагдана.
Энтеровирус-Амны салст гэмтэх, гар хөлөөр гүвдрүүт тууралт гарах, эхний гурав хоногт өндөр халуурах гэх мэт вирусийн шинж чанараас хамаарч, харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрнэ.
Эцэг эх, асран хамгаалагчдын анхаарах зүйл
Суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд улирлын томуу, томуу төст өвчин нь вирусийн гаралтай халдвар учир амны хаалтыг зөв зүүж хэвших, гараа сайтар угаах хэрэгтэй.
Үндсэн суулгалт өвчний үед томуу, томуу төст өвчинтэй зэрэгцүүлж, вирусийн эсрэг эмийн эмчилгээ шаардлагагүй. Энэ үед шингэн нөхөх эмчилгээ нь үндсэн эмчилгээ болдог.
Шингэнд хярам, буцалсан ус, будааны шүүс, шингэн сэлбэх давсны уусмал буюу хоросол хэрэглэж болно. Мөн хангалттай сайн хооллох хэрэгтэй.
Гэрээр шингэн сэлбэж эмчлэхэд анхаарах дөрвөн зүйл
Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг “Шингэн алдалт” буюу “Усгүйжил” гэж нэрлэдэг.
УСГҮЙЖИЛ болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ.
Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. /Зулай гэдэг нь хүүхдийн гавлын ясны хоорон дахь зай юм/
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.