Циркийн урлагийнхан тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Циркийн урлаг байргүйгээс гудамжинд гараад удаж байна. Хүүхдүүд бэлтгэл хийх газаргүй болсон. Хуучин циркийн барилга байсан ч 2015 онд МХЕГ-аас үйл ажиллагаа явуулахыг хориглосон тул бүр хүнд байдалд орсон талаар циркчид өгүүллээ. Мөн, АСА цирк дээр байнга өндөр үнэ төлж бэлтгэл хийх боломж байхгүй гэдгээ учирлалаа.
Монгол циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ:
-Хэвлэлийнхнийг бидэн рүү муухай турхирч байна. Амьтан сургах үйл ажиллагааг амьтны ярга хийдэг мэтээр бичиж иргэдэд ойлгуулсан байсан. Үгүй шүү дээ. Амьтантай ээж нь юм шиг харьцаж байж л сургадаг. Ахмадуудын сургасан тэр амьтдыг нэг өглөө л 7 буудал руу аваачаад нядалж орхисон шүү дээ.
Гадаадад ажиллаж их мөнгө олдог гэж бидний тухай яриа тараасан. Бид гадаадад ажиллахаар явахдаа ч өөрсдөө зардлаа гаргадаг.
13 жилийн турш тэмцэж, шаардлага тавьсаар ирсэн. Одоо бид төр засгаасаа, яамнаасаа нэг зүйл хүсье.
Монгол улсын консерваторийн хашаанд байгаа газар дээр Циркийн сургуулийн барилга барих зөвшөөрлийг олгооч ээ. Циркийн үнэт өв, түүхийн дурсгал болсон Хуучин циркийн барилгыг сэргээн засварлаж өгөөч ээ гэв.
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд өнөөдрөөс эхлэн Монголын бүх циркийн хамтлаг, Монголын циркийн нэгдсэн холбоо, бүх циркчид тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ хэмээн мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.