ОХУ-ын хамгийн том арал болох Сахалины хоёр оршин суугч залуу орон нутгийн загас боловсруулах үйлдвэрээс 929 мянган рубль буюу 34 сая гаруй төгрөгийн үнэтэй тэнцэх хулд загасны түрс хулгайлаад, баривчлагджээ. Энэ тухай бүс нутгийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн юм.
Энэ явдал Сахалин арлын Корсаков хотод болжээ. Энэ сарын 14-15-нд шилжих шөнө 18, 21 настай хоёр залуу хотын нэгэн загас боловсруулах аж ахуйн нэгжийн цоожийг эвдлэн, үйлдвэрт нэвтрэн орж, 265 кг улаан түрс хулгайлсан байна. 21 настай этгээд нь өмнө нь удаа дараа ял сонсож байсан аж.
Ингээд хулгайчид бараг сая рубльд хүрэх түрсээ машинд ачин, зугтсан байна. Дараагаар нь тэд бүх түрсээ зарж, олсон мөнгөө зарцуулсан байсан гэнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хэлтсийн алба хаагчид шуурхай эрлийн ажиллагаа явуулж, хулгайчдыг хэн болохыг тогтоон, баривчилсны дараа залуус бүх гэм буруугаа бүрэн хүлээсэн байна.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.