Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонаро БНХАУ-ын компанийн боловсруулж буй коронавирусийн эсрэг вакцины 46 сая тунг худалдаж авах тохиролцоонд зөвшөөрөл олгохоос татгалзжээ.
Уг вакциныг түүний улс төрийн өрсөлдөгчийн удирддаг мужид турших төлөвлөгөөтэй байсан бөгөөд зарим хүмүүс Болсонарог олон нийтийн эрүүл мэндийн талаарх шийдвэрээ улстөржүүлсэн гэж үзэж байгаа юм. Харин Болсонаро олон нийтийн мэдээллийн сувгуудаараа "Бразилийн ард түмэн хэн нэгний туршилтын туулай болохгүй. Энэхүү вакциныг хараахан туршиж дуусаагүй байгаа. Миний шийдвэр бол ийм вакциныг худалдаж авахгүй байх явдал" хэмээн мэдэгджээ.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Эдуардо Пазуэлло өнгөрөгч мягмар гарагт Сан-Паулу мужийн захирагч Жоа Дориатай уулзах үеэрээ уг вакцины худалдан авалтын талаар зарласан байна. Жоа Дориа бол Болсонарогийн улс төрийн дайсан бөгөөд түүний удирддаг Сан-Паулу муж "Бутантан" хүрээлэнгээрээ дамжуулан вакцин боловсруулах ажилд оролцохоор байсан аж. Энэхүү худалдан авалтын өртөг 360 сая ам.доллароор үнэлэгдээд байсан юм.
Тэгвэл "Getulio Vargas Foundation" их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Клаудио Коуто Ерөнхийлөгч Болсонарогийн үйлдлийг коронавирустэй ямар ч холбоогүй гэж үзжээ. Жоа Дориа нь 2022 оны сонгуульд Болсонарогийн гол өрсөлдөгч болох төлөвтэй байгаа аж.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.