УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09:40 минутад эхэллээ. Хуралдаанаар 10 гаруй хуулийн төсөл, тогтоол хэлэлцэхээр товложээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 53.4 хувийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Өөрөөр хэлбэл, чуулганы хуралдааныг 10 цагаас эхлүүлж, дэг зөрчсөн гишүүнийг хуралдааны танхимаас гаргадаг болох, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасах зохицуулалтыг гишүүдийн олонх дэмжив.
Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэв
Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан 2021 онд буцаад 22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ийг хүртэл өдрийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 нэгжээр бууруулахаар тооцсонтой холбогдуулах Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэж байлаа.
Түүнчлэн, манай улсын мал сүргийн тоо сүүлийн 30 жилд 45.1 сая толгойгоор нэмэгдэж 70.9 саяд хүрээд байгаа нь хүн амын хүнсний хэрэглээ, малчдын амьжиргаа, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй хэдий ч өсөн нэмэгдэж байгаа малын тоо толгой нь бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол зэрэг олон асуудлыг үүсгэж байна.
Иймд орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг ирэх оноос олгохоор төлөвлөж байгаатай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх болно. Энэхүү хуулийн төсөлтэй уялдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг онцлов.
Засгийн газраас малын тоо толгойн албан татварын хуулийн төсөлд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг шийдвэрлэх зарчмыг баримталсан. Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзаж, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн.
Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан тухайн жилийн 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор өмчилсөн малаа хаана бүртгүүлсэн тэрхүү сум, дүүргийн төсөвтөө татвараа төлнө гэдгийг Сангийн сайд хариултдаа онцолсон.
Мөн Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг хамгийн оновчтой, үр ашигтай ашиглах ёстой. Гадаадын их дээд сургуульд суралцах нэг оюутны төлбөр нэлээдгүй хөрөнгө болдог. Засгийн газрын зүгээс Монголын төр, хувийн хэвшлийн гэлгүй Топ-10 их дээд, сургуулийг дэмжинэ гэсэн бодлогыг баримталж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эдгээр сургуулиудад зарцуулна. Төсвийн нэг төгрөгийг ч оновчтой зарцуулах ёстой. Чанартай, чанаргүй 100 гаруй их дээд сургуулиуд олон айлын хөрөнгийг барж байна. Эцэг эхийн цалингийн зээл, мал хөрөнгийг зараад их, дээд сургуульд суралцсан хүүхдүүд чанаргүй боловсрол эзэмшиж, ажлын байрны шаардлага хангахгүй байгаа нь эдийн засгийн хувьд асар их хөрөнгийн буруу зарцуулалт болж байна гэдгийг Сангийн сайд хариултдаа онцлон тэмдэглэсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.