Дарханы зам дээр хохирсон олон иргэнээс анх удаа шүүхэд хандсан иргэний шүүх хурал өнөөдөр СБД-ийн иргэний хэргийн шүүх дээр болж, уг хурлыг ирэх сарын 11-н хүртэл хойшлуулжээ.
Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон гэж гомдол гаргажээ. Засгийн газар болон холбогдох яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан билээ.
Дөрвөн сая төгрөгийн хохиролтой иргэн “А”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат: Бид зургаадугаар сард нэг хохирогч дээр иргэний хэргийн шүүх маргаан үүсгэсэн юм. Бидэнд бүртгэлтэй 200 гаруй хохирогч байна. Гэсэн хэдий ч шүүхийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн ихэнх материалыг буцаагаад байна.
Энэ удаагийн шүүх хурал хойшилсон шалтгаан Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банкны хооронд хийсэн тус замыг засах тухай гэрээ англи хэлээр байгаа учир Монгол Улсын шүүх уг гэрээг уншаад ойлгохгүй байна гэлээ.
Хохирогч А-гийн тухайд "Дарханы замд зорчих явцад ачаа тээврийн машины дугай нь 4 удаа буудсан. Үүнийгээ бичлэг, зураг болон бусад баримтаар нотолсон учраас иргэний хэрэг үүсгэсэн. Замын нөхцөл байдлаас хамааран иргэнд гэм хохирол учирсан бол төр захиргааны байгууллага хариуцна гэж Авто замын тухай хуулийн 10-р зүйлд бий.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.