Нийтэлсэн:
Admin
6 жилийн өмнө
Монгол улсын 29 дэхь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Засгийн газрын тэргүүний албаа хүлээлгэн өгсөнөөс хойш анх удаа хэвлэлд ам нээсэн.
Түүний ярилцлагын хэсгээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
ОНЦЛОХ ИШЛЭЛ: Та яагаад Ерөнхий сайдыг огцруулахад гарын үсэг зурсан юм бэ?
- Би анх гарын үсэг зурахгүй гэж бодож байсан. Гэвч огцруулах бичигт гарын үсэг зурахаас өөр аргагүй хэд хэдэн шалтгаан үүссэн.
- Өнгөрсөн хугацаанд намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 65 гишүүнтэй намын бүлгийн эв нэгдлийг хангаад явчих болов уу гэж бодож байсан ч тэгсэнгүй.
- ЖДҮХС-тай холбоотойгоор би гарын үсэг зурсан юм. Үнэхээр зохион байгуулалттай юм шиг хүн бүр, У.Хүрэлсүхийн өөрийнх нь танхимын сайд нар, УИХ-ын гишүүд 950 сая төгрөгийн зээлийг тэгшитгэж авсан байна.
- Манай Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж байхад зарим хэвлэлээр “Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах кноп нэг тэрбумд хүрлээ” гээд гарч байсан нь үнэн юм болов уу гэж хардах, эргэж бодоход хүргэсэн.
- Ажил албан тушаал хашиж байгаа хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлээр далайлгаж ингэж ард түмний боломжоос хулгайлж болохгүй.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан төсвийн хоригтой холбоотой. Засгийн газар өөрөө төсвөө оруулж ирсэн, үүнийг нь УИХ баталсан. Гэтэл Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр нь Засгийн газрынхаа эсрэг байсанд гайхсан. Эндээс энэ Засгийн газар өөрийнхөө бодлогыг хамгаалах чадамжгүй болсон байна гэж үзсэн.
- Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг ноцтой зөрчсөн.
- “Үндсэн хууль намайг ажил хийлгэхгүй байна, би шүдгүй арслан байна” гэж хэлж байсан Ерөнхий сайд нэг ч байгаагүй. Тэгэхээр энэ хүн одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Үндсэн хуулийн хүрээнд ажиллах боломжгүйгээ нэгэнт мэдэгдэж байхад дургүй ламд дарж сахил хүртээх шаардлага алга.
Энэ бүгдийг дүгнээд хэлбэл, би гомдож гарын үсэг зураагүй,
зарчмаа хамгаалж, шударга үнэний төлөө гарын үсэг зурсан.