Исламын зөнч Мухаммадын шог зургийг шавь нартаа үзүүлсэн Францын багш 47 настай Самуэл Пэтигийн толгойг хэрцгийгээр тасдаж амь насыг нь хороосон хэрэг өнгөрсөн долоо хоногт Парисын ойролцоо гарсан билээ.
Францын цагдаа нар хэрэгт холбогдуулан сэжигтний гэр бүлийн дөрвөн гишүүн, сурагчийн аав болон исламийн хэт үзэлтэй номлогч зэрэг 11 хүнийг баривчлан саатуулаад байгаа бол Самуэл Пэтигийн багшилдаг байсан сургуулийн дөрвөн сурагчийг нэмж саатуулсан байна.
Түүнчлэн уг аллагыг террорист гэмт хэрэг гэж үзэж байгаа бөгөөд даваа гарагт хэт даврагчид байж болзошгүй 40 орчим газрыг дайчлан шалгажээ. Ирэх өдрүүдэд ч мөн нэгжлэг, гэнэтийн шалгалтыг үргэлжлүүлэх юм байна.
Самуэл Пэти багшийн аллага улс орон даяар ард иргэдийг цочирдуулан ням гарагт олон арван мянган иргэн жагсаал хийж дурсгалыг нь хүндэтгэсэн юм. Энэ лхагва гарагт Сорбоны их сургуульд амиа алдсан багшид хүндэтгэл үзүүлэх албан ёсны арга хэмжээг зохион байгуулна.
Хэргийн гол сэжигтэн 18 настай Абдулла А баасан гарагт багшийг хороосныхоо дараа цагдаа нар найман удаа буудуулан нас барьсан. Сүүлд баригдсан дөрвөн сурагчийг мөнгөөр Пэти багшийн тухай мэдээллийг алуурчинд худалдсан гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.