Европ даяар коронавирусийн хоёр дахь давлагаа эрчимжсэн энэ үед тус тивийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Хитроу нисэх буудал зоригчдодоо коронавирусийн түргэвчилсэн шинжилгээ оношлогоог мягмар гарагаас санал болгож эхэлжээ.
Тус нисэх буудал нь дээрх үйлчилгээг санал болгож буй Их Британийн анхны нисэх буудал болж байна. Хитроу нисэх буудлаас Хонконг, Италийн чиглэлд нисэх зорчигчид шинжилгээнд түрүүлж хамрагдана. Шинжилгээний хариу 20 минутын дотор гарах ба 80 фунт стерлингийн үнэтэй.
Ингэснээр аялалд гарч буй зорчигчдод туслах зорилготой. Учир нь халдварын тархалт өндөр улс орнуудаас ирж буй зорчигчдоос зарим улсууд коронавирусийн шинжилгээний хариу шаардаж, удаан хугацааны тусгаарлалтад оруулж байгаа.
Их Британи улс 750,000 коронавирусийн халдварын тохиолдлоор дэлхийд 11 дүгээрт бичигдэж байна. Хонконгийн эрх баригчид Лондонгоос ирсэн зорчигчдыг 72 цагийн хугацаанд хийлгэсэн шинжилгээний хариугаа заавал үзүүлэхийг шаардах болсон. Тиймээс Хитроу нисэх буудлын хоёр болон тавдугаар терминал дээр зорчигчдын шүлснээс дээж аван 20 минутын хугацаанд коронавирусийг илрүүлэх ажил эхэлж байна.
Түүнчлэн Бритиш Эйрвэйс, Виржин Атлантик, Кэтэй Пэсифик нислэгийн компаниуд ч мөн зорчигчдодоо уг шинжилгээг заавал хийлгэсэн байх шаардлагыг тавьж эхэлжээ.
Коллинсон компани Хитроу дээрх шинжилгээний ажлыг санаачлан гүйцэтгэж байгаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Дэвид Эвансын хэлснээр шүлсээр коронавирус илрүүлэх Lamp оношилгоо нь PCR шинжилгээний түвшинд хүрэхгүй ч дээжийг заавал лаборатори руу авч явах шаардлагагүйгээр богино хугацаанд бусад түргэвчилсэн оношлуураас чанартай хариу гарна гэж үзжээ. Уг оношлогоонд хамрагдахын тулд зорчигчид ердөө нэг цагийн өмнө нисэх буудал дээр ирэхэд л хангалттай юм байна.
Хитроу нь Дубайн олон улсын нисэх буудлын дараа дэлхийн хоёр дахь завгүй нисэх буудалд тооцогддог. 12 км кв талбайг эзэлдэг уг нисэх буудал өнгөрсөн жил 80,8 сая зоригч тээвэрлэж, 475,861 агаарын тээврийн хэрэгсэл дайран өнгөрчээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.