Баян-Өлгийн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аубакараас тус аймагт ирэх оны төсөвлөгдсөн улсын төсвийн талаар болон махны квотын талаар тодрууллаа.
2021 оны улсын төсвөөс Баян-Өлгий аймагт төсөвлөсөн хөрөнгө оруулалтад гурван гишүүний хувьд сэтгэл ханамжтай байгаа. Бусад аймгуудад хэр хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөгдсөн талаар судлаагүй. Хүний юм ямар байгааг сонирхоогүй. Аймаг болгон өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Мэдээж их хэмжээний хөрөнгө оруулалтын мөнгө төсөвлөсөн бол томоохон бүтээн байгуулалт, дэд бүтэц барих төслийн хөрөнгө оруулалт байх. Төмөр зам тавихаар болсон бол өртөг нь өндөртэй тул тэр нь шингэсэн байх.
-Таны хувьд махны квотын хуваарилалт шударга бус байгаа талаар өгүүлсэн?
-21 аймгийн хэмжээнд 40 гаруй махны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл махны квотыг Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаггүй компани, хувь хүн авч орон нутгийн үйлдвэрүүдэд зарж борлуулж байгаа асуудал байна. Иймд аймгуудад байгаа махны үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд махны квотыг орон нутгийн махны үйлдвэрүүдэд хуваарилах хэрэгтэй. Мах бэлтгэсэн хүн Улаанбаатар хотод үйлдвэргүй квот авсан хүнтэй тохирно гэж ярьж болохгүй.
Баян-Өлгий аймагт махны чиглэлийн дөрвөн үйлдвэр байна. Энэ үйлдвэрүүдэд махны квот авснаар ажлын байр тогтвортой болж, үйлдвэрийн технологи сайжрах зэргээр орон нутагт эдийн засгийн эргэлдэнэ.
Манай улс жилдээ 70-100 мянган тонн махыг гадагшаа экспортолно гэх юм бол үйлдвэрийн хүчин чадлыг малынхаа тоо толгойд нь тохируулаад аймгууддаа тэнцүү хуваагаад өгөх хэрэгтэй. Энэ талаар ойрын хугацаанд Байнгын хороонд танилцуулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.