БНСУ-ын Чэжү арлын цагдаа нар онлайн дэлгүүр дээр дөнгөж төрсөн нярай хүүхдээ үрчлүүлэх зар тавьсан 20 гаруй насны эмэгтэйг шалгаж байна.
Уг эмэгтэй "Danggeun Market" нэртэй хуучин барааны онлайн дэлгүүрийн платформ дээр нярай хүүхдийнхээ хоёр зургийг байрлуулаад, "36 долоо хоногтой (жирэмсний 36 долоо хоног) хүүхэд үрчилж авч болно" гэсэн зар бичин, 200 мянган вон буюу 175 ам.долларын үнэ санал болгожээ.
Үүнийг харсан нэгэн хэрэглэгч эмэгтэйд зурвас илгээн, яагаад хүүхдээ үрчлүүлж байгааг нь асуухад эмэгтэй хүүхдийнх нь аав байхгүй тул ийм шийдвэр гаргасан гэж хэлсэн байна. Удалгүй энэхүү зар устгагдсан байсан хэдий ч зарим хэрэглэгчид энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж.
Ингээд цагдаа нар "IP" хаягийг хайн, зарыг байршуулсан 27 настай эмэгтэйг бямба гарагт олсон байна. Тэрээр өнгөрсөн лхагва гарагт дутуу төрснийхөө дараа олон нийтийн төрсний дараах үеийн асрамжийн төвөөс тус зарыг байршуулсан байжээ. Эх, хүүхэд хоёр хоёул Цагдаагийн албан эсэн мэнд, аюулгүй байсан гэдгийг албаныхан тэмдэглэсэн юм.
Цагдаагийн байцаалтын үеэр уг эмэгтэй Өрх толгойлсон эмэгтэйчүүдийг дэмжих төвд үрчлэлтийн журмын талаар зөвлөгөө авсныхаа дараа уурандаа ийм зар оруулсан гэж хэлсэн байна. Мөн тэрээр тус зарыг байршуулсан даруйдаа буруу зүйл хийснээ ухааран, шууд устгасан бөгөөд чин сэтгэлээсээ гэмшиж байгаа гэдгийг цагдаа нар онцолжээ.
Хууль хяналтынхан одоо тус эмэгтэйг Хүүхэд хамгааллын тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж байгаа бөгөөд мөн холбогдох байгууллагуудтай хамтран түүнд болон нялх хүүхдэд нь тусламж, дэмжлэг үзүүлэх арга чаргыг судалж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.