АНУ-ын нийслэл Вашингтон болон зарим хотуудад өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүнийг дагадаг Бүгд Найрамдах намынханд саналаа өгөхгүй байхыг уриалсан жагсаал болжээ. Жагсаалд оролцогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байжээ. АНУ-д хоёр долоо хоногийн дараа 11 дүгээр сарын 3-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болох гэж байна.
Дональд Трампыг анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож тангаргаа өргөсний дараа 2017 оны нэгдүгээр сард олон мянган эмэгтэй эсэргүүцэн Women’s March анхны жагсаалаа хийсэн. Уг жагсаалын үргэлжлэл ийнхүү хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгааг нь угтан зохион байгуулагдлаа. Цар тахлын онц үетэй холбогдуулан жагсагчдыг амны хаалт зүүх, нийтээс зай барихыг шаардсан байна.
Гэвч Women’s March жагсаалыг зохион байгуулж байгаа Рэчель О’Лиери Кармона супер халдвар тараагч зөвхөн Цагаан Ордонд л байгаа хэмээн Трампыг хэлжээ. Мөн саналаа өгөх иргэдэд хандан охидынхоо ирээдүйн төлөө саналаа өгч байгаа гэдгээ санаж, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэн үзэхийг уриалсан байна.
Уг жагсаалыг Вашингтоноос гадна Нью-Йорк, Сан Франциско зэрэг хотуудад зохион байгуулахаар төлөвлөсөн. Нью-Йорк мужийн Итака дахь Корнелл их сургууль болон Нью-Йорк хотын Жорж Вашингтоны хөшөөний хажууд, хөрөнгийн биржийн гадаа жагсаал үргэлжилжээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.