Өмнөд Солонгосын Улсан хотын интернэт кафены тамхи татах өрөөнд нэгэн 20-иод насны эр 100 ширхэг тамхи татан, баривчлагдсан хэрэг энэ долоо хоногт гарсан байна.
Улсан хотын цагдаагийн газрын мэдээлснээр уг эрэгтэй өнгөрсөн лхагва гарагийн 14:30 цагийн орчимд интернэт кафед ороод, долоон хайрцаг тамхи онгойлгосон аж. Ингээд тэрээр хэд хэдэн тамхи зэрэг асаагаад, хоёр гараараа татан, дууссан тамхины ишээ шалаар нэг хаяж байгаа нь хяналтын камерт бичигджээ.
"Тамхи татах өрөөнд гал гарсан юм шиг утаа гарсаар л байсан. Дотор нь утаагаар дүүрэн байсан" гэж нэг үйлчлүүлэгч хэлжээ. Харин интернэт кафены эзэн хяналтын камерын бичлэгийг хараад тамхины өрөө рүү яаран гүйсэн гэнэ. Тэрээр "Би өрөө шатаж байна л гэж бодсон. Тэр эрэгтэйг гал тавихаар ирсэн гэж бодож, маш их айсан тул би цагдаа дуудсан" гэж "SBS" агентлагт ярьжээ.
Цагдаа нарыг хэргийн газарт ирэхэд энэхүү эрэгтэй "Би YouTube бичлэг хийж байна" хэмээсэн байна. Одоогоор албаныхан түүнийг албан байгууллагад зөвшөөрөлгүй нэвтрэн, бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгах эсэхээ шалгаж байгаа гэнэ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.