АНУ-ын "Forbes" бизнесийн сэтгүүлээс жил бүр гаргадаг Дэлхийн шилдэг ажил олгогчдын жагсаалтыг энэ жил "Samsung Electronics" компани тэргүүлжээ.
Энэхүү Өмнөд Солонгосын аварга компанийн араас АНУ-ын технологийн том хүчнүүд болох "Amazon", "IBM", "Microsoft" зэрэг компаниуд жагссан байна. Харин "Samsung" компанийн зиндаанд том үсрэлт болж, өнгөрсөн жилийн 106-р байрнаасаа шууд нэгдүгээр байрт ирсэн аж.
"Samsung"-ийн энэхүү амжилт цар тахлын дунд тохиож байгаагаараа ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Тус компани ажилчдынхаа аюулгүй байдлыг эн тэргүүнд тавихын хажуугаар үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд нийлүүлэлтийн сүлжээгээ сайн удирдаж чаджээ.
Уг жагсаалтад багтсан БНСУ-ын бусад компаниудыг дурдвал, "LG" компани тавдугаарт жагссан байна. Түүнчлэн тус улсын хамгийн том веб портал оператор болох "Naver" компани 37-д, гоо сайхны бүтээгдэхүүний аварга компани "Amorepacific" 42-т жагссан бол Өмнөд Солонгосын тэргүүний автомашин үйлдвэрлэгч "Hyundai Motor" компани 80-р байранд оржээ.
"Forbes" сэтгүүл зах зээлийн судалгааны "Statista" фирмтэй хамтран 58 орны 160 мянган байнгын болон цагийн ажилчдын дунд судалгаа хийсэн аж. Судалгааг 6-7-р сарын хооронд явуулсан бөгөөд ажилчид ажил олгогчдын коронавирусийн эсрэг хариу урвал, эдийн засгийн хүч нөлөө, жендерийн тэгш байдал, нийгмийн хариуцлага зэрэг янз бүрийн сэдвээр сэтгэл ханамжаа үнэлсэн байна.
Эцсийн байдлаар энэ жилийн жагсаалт 45 улсад төвтэй 750 үндэстэн дамнасан корпорацуудаас бүрджээ.
Эх сурвалж: Yonhap News Agency
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.