Хамт ажилладаг хүнээ ажлаас нь халуулахын тулд есөн сарын турш кофег нь хордуулсан итали эмэгтэй дөрвөн жилийн хорих ял сонсжээ. 53 настай Мариангела Серрато өөрийн ажилладаг даатгалын компани нь ажлын байрын цомхотгол хийнэ гэсэн цуурхал дуулаад энэхүү төлөвлөгөөг боловсруулсан байна.
Серрато болон хохирогч эмэгтэй ижил төрлийн албан тушаалтай байсан аж. Ингээд Серрато ажлын хамт олондоо өдөр тутмын кофег нь хүргэж өгөхдөө хохирогч эмэгтэйн капучинод бензодиазепины нунтаг хийх болсон байна. Хохирогчийн өмгөөлөгч Криштиано Бурдез "Энэхүү эм нь биеийн ядаргаа, толгой өвдөх, толгой эргэх, булчин өвдөх зэрэг шинж тэмдгийг өдөөдөг бөгөөд хордуулсан капучиног уусны дараа миний үйлчлүүлэгчийн ажлын бүтээмж буурсан" хэмээсэн юм.
Өдөр болгон хордуулсан кофе уух болсон эмэгтэй нэгэн өдөр гэртээ харьж явахдаа машинаараа мод мөргөсөн бөгөөд энэ үед ямар нэгэн зүйл буруу байгааг ойлгожээ. Гэхдээ эмч нар түүнд ямар нэгэн онош тавьж чадахгүй байсан тул тэрээр ажил дээрээ уудаг кофегоо сэжиглэх болсон байна. Учир нь түүний эрүүл мэнд ажилдаа яваагүй үед нь дээрддэг байсан аж.
Ингээд тэрээр ажил дээрээ кофе уухаас татгалзах үед Серрато түүнийг шахан, "Алив ээ, би чамд кофе авчиръя, чамд ямар л хор хөнөөл болов гэж?" хэмээхэд түүний сэжиглэж байсан бодол нь улам баттай болсон байна. Тэрээр кофе уухаар зөвшөөрөөд, бага зэргийн дээж авч хадгалаад шинжилгээнд өгөхөд бензодиазепины маш өндөр тун агуулж байсан нь тогтоогджээ.
Хохирогч эмэгтэй даруйхан цагдаад хандсан бөгөөд албаныхан Серратог нууцаар мөрдөн, кофенд нунтаг хийж байхыг нь бичиж авсан гэнэ. Гэсэн хэдий ч Серрато одоог хүртэл бүх гэм буруугаа үгүйсгэж байгаа юм.
Эх сурвалж: Sky News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.