Орон нутгийн сонгуулийн талаар нийслэлийн АН-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд: Нийслэл, дүүргийн сонгуульд СХД-т АН-аас нэр дэвшигч нарыг гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж худал дуудлага, мэдээлэл өгч Цагдаагийн байгууллагаар шалгуулах явдал хэрээс хэтэрч байна.
СХД-ийн Цагдаагийн хэлтэс нэр дэвшигчийн орон байр, ажлын байранд үзлэг нэгжлэг хийх, нэр дэвшигчийн унаж явсан машиныг саатуулах зэргээр нэр дэвшигчийн баталгааг илтэд зөрчиж байна. Цагдаагийн байгууллага нь хэт нэг талыг барьж үндэслэлгүй өргөдөл, гомдлын мөрөөр сөрөг хүчний нэр дэвшигчийн эрх, эрх чөлөөг хязгаарлах үйлдэл хийж байгаад харамсаж байна.
Тухайлбал, НИТХ-ын сонгуульд АН-аас тус дүүрэгт нэр дэвшигч Б.Оюун-Эрдэнийн гэрт СХД-ийн ЦХ-ээс албан хаагч орсон байна, мөн ажлын байранд үзлэг хийж нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн байна.
Мөн нэг нэр дэвшигчийг саналаа өгөөд ирэхэд машинаараа хүн зөөсөн гэж үндэслэлгүй гүтгэсэн гомдлын дагуу СХД-ийн Цагдаагийн байгууллага нэр дэвшигчийг шалгасан байна. Мөн СХД-т НИТХ-д нэр дэвшигч Мижидийн Тулгат нэр дэвшигчийг Сонгинохайрхан дүүргийг Цагдаагийн хэлтэс хууль бусаар эрхийг нь хязгаарлан шалгаж байна. Нэр дэвшигч хандивын дансны мөнгөө хууль бусаар зарцуулаагүй байхад нэр дэвшигчийг сонгогчдын санал худалдаж авах зорилготой байсан гэж үндэслэлгүйгээр шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна. СХД-т НИТХ-д нэр дэвшигч Мижидийн Тулгад нь хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй бөгөөд түүний нэрийг нь татсан зүйл байхгүй байхад нэрийг нь татсан гэж худал мэдээлэл тойрог дээр нь тарааж байгаад харамсаж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Нэр дэвшигчийг сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр түүний орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, саатуулах эрхгүй юм. Гэтэл СХД-ийн Цагдаагийн хэлтэс Нийслэлийн Сонгуулийн хорооны зөвшөөрөлгүй НИТХ-д нэр дэвшигчийн орон байр, ажлын байранд үзлэг, нэгжлэг хийж хууль зөрчөөд байна. Энэ асуудлаар Нийслэлийн Ардчилсан намаас гомдол гаргаад байна.
Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 23 дугаар сургууль дээр Сонгуулийн хэсгийн хорооны нарийн бичгийн дарга Анударь сонгогчийн нэрийн жагсаалтыг дахин хэвлээд сольж тавьсан зөрчил гаргасан.
Учир нь энэ хороо 2883 сонгогчтой бөгөөд гадаадад 600 гаруй иргэн гадаадад байгаа юм. Гадаадад байгаа иргэдийн нэр дээр санал өгөх ажлыг зохион байгуулж байх эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Энэ талаар ажиглагч нар Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргаад байна. Чингэлтэй дүүргийн 7-р хороонд тусгай “ногоон” наалт бүхий тэмдэглэгээтэй 30 гаруй машинаар хүн зөөж байгаа үйлдэл илэрсэн байна. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагад шалгаж байна. Эдгээр машин МАН-ын нэр дэвшигч нарын явуулж буй тээврийн хэрэгсэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.