Австрали улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт серфинг хийж байсан эрэгтэй аварга загасны дайралтад өртөн сураггүй алга болжээ. 52 настай Эндрю Шарпыг Баруун Австралийн эргийн хамгаалалтын алба эрж хайсны дүнд ердөө усны хувцасных нь тасархайг олсон байна. Түүнтэй хамт аялж байсан найзуудынх нь гэрчилснээр гулгаж байсан тавцан нь цохигдон унаж, ямар нэг зүйл усан доогуур татан оруулжээ. Энэ бол аймшигт махчин аварга загас байлаа.
Эндрю Шарп 2020 он гарснаас хойш аварга загасны дайралтад өртөн амь насаа алдсан Австралийн долоо дахь иргэн байв. Энэ жил тус улсад 1929 оноос хойш 90 гаруй жилийн түүхэнд хамгийн олон хүн аварга загасны дайралтад өртөж нас барсан тохиолдол гарсан байна. 1929 онд түүхэндээ хамгийн олон буюу есөн хүн аварга загасны хоол болжээ.
Хачирхалтай нь өнгөрсөн жилд буюу 2019 онд аварга загас 32 хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэний хоёр нь амь насаа алдсан бол энэ жил үүнээс бага буюу 21 удаа аварга махчин загас хүн рүү дайрсан тохиолдол бүртгэгдсэн боловч долоон хүн нас баржээ. Өнгөрсөн 10 жилийн дундаж тоо баримтыг харвал жилд дунджаар 20 орчим удаа аварга загас хүн рүү дайрсан бол зуун жилийн дунджийг харвал жилд 0,9 хүн нас барсан байгаа нь нэг ч хүний тоонд хүрэхгүй байгаа юм.
Энэ жил амиа алдсан долоон хүний нэг нь загасчилж байгаад аварга загасыг өөр рүүгээ дуудсан бол бусад нь ямар нэгэн байдлаар өдөөн хатгасан үйлдэл гаргаагүй гэж үзжээ.
Цаг агаарын байдлыг судалж үзвэл бороо хур орсон үед аварга загасны халдлага дайралт өсөх хандлагатай байгаа нь ажиглагджээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.