ОХУ-ын Нэгдсэн Орос намын удирдагч Дмитрий Медведев эмчийн жороор олгох эмийг тус улсын иргэдэд улсын зардлаар, үнэгүй олгох санал гаргажээ.
Тэрээр "Эмийн албан журмын даатгалаар дамжуулан бүх иргэдийг эмчийн бичсэн жороор олгох эмээр үнэгүй хангах зорилтыг дэвшүүлэх шаардлагатай байна" хэмээн мэдэгдсэн байна. Медведев мөн Нэгдсэн Орос нам шинэ мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн үйлчилгээ, эмийн хангамжид онцгой анхаарч ажиллана гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн тэрээр эмч, мэргэжилтнүүдийн боловсролыг дэмжих, дотоодын эмийн үйлдвэрийг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарт орчин үеийн цахим үйлчилгээг ашиглах ач холбогдлын талаар тэмдэглэсэн байна.
Олон оросууд Засгийн газрын дэмжлэгийг тэтгэмж хэлбэрээр авдаг. Иргэд хөнгөлөлттэй эм, эмчилгээний хэрэгцээт хоол тэжээл болон шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг авах боломжтой байдаг аж. Гэвч Оросын Аудитын танхимын тэргүүн Алексей Кудрин тус улсын эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай байгааг онцлон, жилд нэг их наяд орчим рублийн төсвийг эмэнд нэмж зарцуулах хэрэгтэй байгаа гэжээ.
Эх сурвалж: Риа Новости, Вести Ру
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.