СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зэрлэг байгалийн оны шилдэг зургаар “Барын тэврэлт” шалгарчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Их Британи дахь Лондоны Байгалийн түүхийн музей 56 дахь жилдээ зэрлэг байгалийн оны шилдэг гэрэл зургийн уралдааныг зохион байгуулж ялагчдаа тодруулжээ. Энэ жилийн шилдгийн шилдэг гэрэл зургаар ОХУ-ын алс дорнод дахь Сибирийн ойд нууц дурангаар авсан “Барын тэврэлт” нэртэй зураг шалгарсан байна.

Гэрэл зурагчин Сергей Горшков Сибирийн ойн гүн дэх Амур барны мод тэвэрч буй зургийг дарж чаджээ. .

Нөгөө талаар барыг ирэхийг хүлээж, ирэнгүүт нь автоматаар зураг дарсан дуран төхөөрөмж шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн байна. Энэ зургийг авахын тулд автомат дуранг хэдэн сарын турш байрлуулжээ.

Оросын алс дорнодод барыг хэт их агнаснаас хэдхэн зуу л үлдсэн гэж судлаачид үздэг байна. Тэд ихэвчлэн буга, зэрлэг гахайгаар хооллодог боловч идэш нь ч мөн цөөрсөн ажээ. Тиймээс хоол хүнс хайсаар Амур бар холын аяныг туулдаг байна. Сергейн шагналыг Кэмбрижийн гүнгийн авхай Кэйт Мидлтон гардуулан өгчээ.

Ялагчид өрсөлдсөн бусад шилдэг гэрэл зурагнуудаас танилцуулбал нугас барьсан залуу үнэгний зураг сүүлчийн шатанд шалгарсан байна. Энэ зургийг Финляндын өсвөр насны гэрэл зурагчин Лина авсан бөгөөд насныхаа ангилалд шилдгээр шалгараад зогсохгүй ялагчийн төлөө өрсөлджээ. Үнэг бусадтайгаа хоолоо хуваахгүйн тулд ийнхүү хадны завсарт шургасан байна.

Дараагийн онцлох зураг энэ жилийн зэрлэг амьтдын шилдэг хөрөг зургийн төрөлд ялагч болсон залуухан урт хошуут сармагчингийн зураг юм. Энэ зургийг Малайзын Борнео арал дээр Данийн гэрэл зурагчин Могенс Тролле даржээ.

Харин зэрлэг байгалийн өнгө үзэмжийг харуулсан Европын хамгийн идэвхтэй галт уул Этнагийн голын зураг Ертөнцийн хүрээлэн буй орчны төрөлд шагнал хүртсэн байна. Италийн зурагчин Лусиано Гаудензио уг зургийг буулгажээ.

Испанийн гэрэл зурагчин Жэйм Кулебрасын аалзаар хооллож буй шилэн мэлхийний зураг хэвлээр явагч амьтдын зан байдлыг онцолсон төрөлд шагнал хүртсэн байна. Энэ зургийг авахдаа тэрээр нэг гартаа шүхэр, нөгөө гартаа гэрэл зургийн дурангаа барьсан байжээ.

Усан доорх гэрэл зургийн төрөлд 2020 оны шилдэг зургаар Хятадын иргэн Сонгда Чайн Филиппиний Анилаогийн эрэгт шөнийн цагаар шумбаж байхдаа дарсан 6-7 см урттай далайн алмаз параларва шалгарчээ.

Түүнчлэн Хятадын зурагчин Шаньюань Лигийн Түвдэд авсан хөгжилтэй тоглож буй зургаан мануулын зураг хөхтөн амьтдын зан байдлыг харуулсан төрөлд шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.