Манба Дацан эмнэлгийн амбулаторийн их эмч Б.Болорзаяатай хүүхдийн уламжлалт эмчилгээний талаар ярилцлаа.
-Уламжлалт анагаах ухаанд хүүхдийн өвчнийг хэрхэн оношилдог вэ. Уламжлалын аргаар бүх төрлийн өвчинг оношлох боломжтой юу?
-Уламжлалт анагаах ухаан бол бүх насны хүнд зориулагдсан анагаах ухаан. 0-16 нялхас буюу хүүхдийн өвчнийг УАУ-ны гол оношлогоо буюу судас барьж оношлоно. Тав хүртэлх насны хүүхдийн бие махбод, эд эрхтний өсөлт хөгжил нь маш хурдацтай явагддаг тул галын илчийн эрчимтэй ажиллагааны нөлөөгөөр бугуйн судасны лугшилтаар өвчнийг тодорхойлох боломж нь бүрдээгүй байдаг. Тиймээс тэдний хурууны судас чихний судсаар нарийн оношлоно. Хэл болон шээсийг үзэж шинжилнэ. Мөн нэмэлтээр асуумж авна.
-Хүүхдийг хэдэн наснаас нь уламжлалын эмчилгээ хийлгэж болох вэ?
-Хүүхдийн өвчнийг тусгайлан бүлэг болгон авч үздэг бөгөөд ерөнхий 24 ангилал байдаг. Хүүхдэд илэрч байгаа олон шинж байдал зовиур, өвчний явц зэргээс хамаарч эмчилгээг хийнэ. Таван сартай нярай хүүхдийн тархи нь хөдөлсөн үед толгойгоо бариулдаг. 14 настай хүүхэд хоолой нь өвдөөд эмчилгээ хийлгэдэг. Тэгэхээр 0-16 насны бүх хүүхдэд эмчилгээ хийж болно.
-Хүүхдэд уламжлалт эмчилгээ хийлгэхийн ач холбогдол?
-Уламжлалт анагаах ухаанд нялхсын ад гэдэг ойлголт байдаг. Нялхсын 15 төрлийн их ад бий. Үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Хүүхдэдээ сахиус зүүлгэн шөнө, орой авч гарахгүй байх гэх мэт. Эдгээр адад хорлогдсон тохиолдолд эмийн эмчилгээ дангаар биш тохирсон гүрэм, заслын эмчилгээтэй хийдэг. Энэ нь онцлог бас давуу тал байх. Нөгөө талаас уламжлалт эмчилгээ хийлгэх нь хамгийн хоргүй бас найдвартай.
-Насанд хүрсэн хүмүүс улирал бүрдээ тохирсон идээ, будаа хэрэглэхийг уламжлалтын эмч нар зөвлөдөг. Тэгвэл хүүхдэд бас улирал бүрдээ тохирсон хоол хүнс хэрэглэх ёстой юу?
-Бантан, будаатай шөл гээд насанд нь тохирсон эрүүл эрүүл хоолыг өгч байх хэрэгтэй. Идэж байгаа хоол хүнснээсээ хэрэгцээт шим тэжээлээ авч байх нь чухал.
Жишээ нь өвлийн улиралд хүйтний улмаас хүний бие махбод шар үсний сүвээ хааж, галын илчээ дотроо хураадаг учир ходоод, гэдэсний хоол шингээх чадал нь маш сайн байдаг. Тийм учраас илчлэг, шимтэй хоолыг цадталаа идэх хэрэгтэй.
Жишээлбэл:
-Бага насны хүүхдүүдийн хувьд яагаад амьсгалын замын өвчлөлөөр илүү өвчлөх гээд байдаг юм бэ?
-Хүүхэд бадганы бэлгэ чанар давамгай байдаг. Тийм учраас бадганы бэлгэ чанар давамгай оршдог уушги, амьсгалын замын эрхтнүүд, ходоод, дэлүү зэрэг эрхтнүүд илүү өвчлөх магадлалтай байдаг.
-Ханиад томууны үед уламжлалт эмчилгээ хэр үр дүнтэй вэ?
-Үр дүн маш сайн. Заавал өвдсөний дараа биш шимжүүлэх/шим авахуулах/ зорилгоор хавар, намрын улиралд Норов7, Мана4, Сороол7 гэх мэт тангуудыг ууж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
-Танай уламжлалт төвийн хувьд хүүхдийн оношилгоо, эмчилгээ хийдэг. Хүүхдийн өвчлөл ямар байна вэ. Хүндрүүлж ирж байна уу.
-Бүгд биш ч гэсэн хүндэрсэн тохиолдол ирнэ. Жишээ нь ханиад бол халуун өвчин. Халуун мөн чанартай өвчин учраас эмчлэхгүй байх эсвэл дутуу эмчилсний уршгаар хийтэй хавсарч хүүхдийн зүрх, ясанд нөлөөлөн, ясны өсөлт хөгжилтөд нөлөөлөх сөрөг талтай байдаг. Бас шар устай хавсарвал янз бүрийн харшил болж хүндэрнэ.
-Урьдчилан сэргийлэх оношилгоо, эмчилгээ хийдэг үү?
-Бүх төрлийн үзлэг, оношлогоо хийнэ. Урьдчилан сэргийлэх буюу ямар улиралд ямар хоол унд идэхэд тохиромжтой байдаг талаар, өвдөхгүйн тулд ямар явдал мөртэй байлгах талаар гэх мэт зөвлөгөөг өгдөг.
-Хүүхдийнхээ дархлааг дэмжих гээд олон төрлийн витамин өгдөг. Витамины хэрэглээ хэр чухал вэ?
-Судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон витаминуудыг тодорхой хэмжээнд зөв хэрэглэх нь зүйтэй. Жишээ нь: Д витаминыг 10-5сар хүртэл уухыг зөвлөдөг ба зуны саруудад уудаггүй. А витамин уусан бол 14 хоногтоо Д витаминыг хэрэглэдэггүй гэх мэт зөв хэрэглэх хэрэгтэй. Витамин бол эм.
-Тэгвэл уламжлалын эмчилгээнд хүүхдийн дархлааг хэрхэн дэмжихийг зөвлөдөг вэ. Тухайлбал гэрийн нөхцөлд уламжлалт аргаар хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?
-Норов7, Мана4, Сороол7 танг уувал биеийг тэтгэж, элдэв халдварт өвчин, ханиад зэргээс урьдчилан сэргийлнэ. Дархлаа бол үнэн чанартаа биеийн тэнцвэртэй, эрүүл байхтай холбоотой. Гэтэл олон жил янз бүрийн өвчин туссанаар биеийн хэвийн байх ёстой үзүүлэлтүүд өөрчлөгдөж, тэнцвэр алдагддаг. Ингэснээр дархлааны асуудал үүсэж байна.
Дархлааг сайжруулъя гэвэл биеийг цогцоор нь эрүүл болгохыг зорих хэрэгтэй. Тухайлбал, хүүхдээ толгой нүцгэн явуулаад байна. Мөн хүүхдүүдийн өмсөж байгаа хувцас эрүүл мэндэд халгаатай байна. Дээр үеийн торго, даавуу амьсгалдаг байлаа. Одоогийн нийлэг материалтай хувцаснуудыг өмсөхөөр хүүхэд их, бага хэмжээгээр хөлөрдөг. Ингээд жаахан салхи авахад ханиад хүрэх нөхцөл бүрддэг. Нөгөө талаар хүүхдийг аливаа өвчнөөс сэргийлж дээр дурдсан тангуудыг өгч байх хэрэгтэй. Хавар, намарт өгөхөд болно. Эд эрхтнүүд өсөж хөгжих явцад хүүхэд маш их ядардаг учраас зөв хооллож, арчилж тордож, зөв зохистой амрааж байх хэрэгтэй. Нуруу, гар, хөлийг нь шар тосоор иллэг хийж өгөн, тайвшруулаад эрт унтуулж амрааж байх хэрэгтэй. 7 хоногт 2-3 удаа иллэг хийх нь хүүхдийн дархлаанд маш сайн нөлөөтэй.
-Хүүхдийг хүүхдийнх нь явдал мөрөөр явуулах талаар мэдээлэл өгөөч?
-Хүүхдийн бадганы мөн чанар давамгай байдал болон тунгалаг, цөвийн боловсролт, эд эрхтний эрчимтэй өсөлттэй уялдаад хүүхдийн унтах цаг нь том хүнийхээс илүү урт байх ёстой. Нас биед хүрсэн хүн өдөр унтаж болохгүй гэдэг бол хүүхдийг өдөр унтуулж мөн орой эрт унтуулж , сайн амраах хэрэгтэй.
-Танай эмнэлэгт хүүхдээ оношлуулахаар очиж байгаа иргэдэд юу гэж зөвлөх вэ. Урамшуулалт хөнгөлөлт бий юу.
-Манай эмнэлэгт бүх насны хүүхдийг үзэж, оношлон, зөвлөгөө өгч, эмчилдэг. Хүүхдийн нас, биеийн онцлогоос шалтгаалаад анхаарууштай зүйл маш их бий. Тиймээс хүүхэд, эцэг, эхчүүд эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлэн, өдөр тутмынхаа идээ унд, явдал мөрийг зөв зохицуулах ойлголт мэдлэгтэй болох боломжтой. 12 хүртэлх насны хүүхдэд 25 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tang haanaas avch boloh be