Санал тоолох машиныг хакердана гэдэг мэдээлэл гарсантай холбогдуулан СЕХ-оос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Улсын хэмжээнд 2148 сонгуулийн хэсгийн хороонд байрлаж буй 2615 санал тоолох машиныг нэг бүрчлэн шалгаж, бүртгэсэн. Бүгд хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд тараагаад байгаа 900 орчим санал тоолох машиныг шалгах ажлыг нам, эвслийн төлөөллийг байлцуулан сонгож, шалгана.
Сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тараасан гэх бичлэг байгаа бол түүнийг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулах эрх нээлттэй. Хэрвээ мөнгө тараасан хэмээн шүүх үзвэл нэр дэвшигчийг татах арга хэмжээг авч, шийдвэрээ СЕХ-нд ирүүлдэг. Мөн нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байна гэх мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад хандан шалгуулах боломжтой гэв.
Өчигдөр буюу аравдугаар сарын 12-ны өдөр АН, МАХН-ын зүгээс сонгуулийн санал тоолох машиныг хакердаж, сонгуулийн дүнд нөлөөлдөг талаар мэдээллийг хийсэн. Үүний дараа СЕХ-ноос санал тоолох машин хэрхэн ажилладаг талаар мэдээллийг өгсөн юм. Улмаар үүсээд байгаа эргэлзээг тайлах зорилгоор тал бүрийн оролцоог хангасаан туршилтын сонгуулийг явуулахаар болжээ.
Санал тоолох машинд гаднаас нөлөөлөх ямар ч боломжгүй, өчигдрийн бичлэгийн тухайд залилангийн шинжтэй байх магадлалтай гэдгийг СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нэмж хэллээ.
Нийслэлийн МАХН-ын дарга Ж.Эрдэнэжамъян:
-Өчигдөр бид төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хэргийн талаарх мэдээллийг өгч байхад яагаад шалгахгүй байгаа юм бэ? Гэтэл өнөөдөр та нар энд жүжиг тоглоод байж байна. "Хар машин"-д гаднаас нөлөөлөх боломжгүй гэдэг. Та нар шалгадаг журмаар шалгадаг гээд ярьж байхынхаа оронд ийм зүйлээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах хэрэгтэй шүү дээ.
СЕХ-ны Ажлын албаны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ:
-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. СЕХ бол сонгуулийг зохион байгуулдаг байгууллага болохоос биш хуулийн талаар ямар нэг арга хэмжээ авах эрхгүй байгууллага. Асуудал үүсээд түүнийг нь хууль, шүүхээр шийдвэр гаргасны дараа бид түүнийг үндэслэж, нэр дэвшигчийг хасах шийдвэрийг гаргадаг. Харин бэхэн тэмдэглэгээний тухайд хуулийн хүрээнд хийхийг хориглосон. Мөн хуульд зааснаар хяналтын тооллогыг 50 хувьд хийдэг. Бид хуульд заасан эрх, үүргийг л хэрэгжүүлдэг" гэлээ.
ТЕГ-ын мэргэжилтэн Б.Давааням:
-Сонгуулийн санал тоолох машинд флаш залгах боломжгүй, флаш залгах үүрүүдийг бүгдийг нь лацадсан байдаг. Лац хөндөгдсөн байвал мэдэгдэнэ. Сервер гадаад оронд байгаа гэсэн мэдээлэл худлаа. Та бүхэн ороод үзэж болно. Дурын хүүхэд халддаг юм биш. Серверийг 100 хувь монгол инженерүүд програмчлаад бэлтгэсэн. Серверийн орох гарах эрх нь хязгаарлалттай.
Обьектийг төрийн тусгай хамгаалалт хариуцдаг. Хоёр л хүн орох эрхтэй. Гэтэл сервер нь гадаадад байдаг гэж худлаа ярьж байна. АНУ, Канад, Филиппин гээд маш олон улс яг энэ машиныг ашигладаг. Харин энэ төрлийн төхөөрөмжийг ашигладаг 40-50 улс бий гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.