Их Британийн хамгийн том супермаркет сүлжээнүүдийн нэгийг сүрдүүлэн, их хэмжээний мөнгө салгах зорилгоор хүүхдийн хоолонд төмрийн хэлтэрхий хийсэн хонины фермер эр 14 жилийн хорих ял сонсжээ.
Найжел Райт гэх энэ эрэгтэй "Tesco" хүнсний дэлгүүрийн салбаруудад эдгээр төмрийн хэлтэрхий бүхий хүүхдийн нухашнуудыг байрлуулаад, уг супермаркетын компанид олон арван захидал, имэйл илгээн, 1.8 сая ам.долларын биткойн нэхсэн байна. Тэрээр энэ үйлдлээ 2018 оноос энэ оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлүүлсэн гэнэ.
Хоёр ээж "Heinz" хүүхдийн нухашнаас төмрийн хэсгүүд олсны дараа "Tesco" супермаркет тус бүтээгдэхүүнийг эргүүлэн татжээ. Азаар нэг ч хүүхэд хохироогүй хэдий ч "Heinz" брэндийн нийт 42 мянган шил хүүхдийн нухашийг эргүүлэн татах хэрэгтэй болсон байна.
Хууль хяналтынхан 45 настай Райтыг сүүг нь бага үнээр худалдаж авсан "Tesco" дэлгүүрт уурлаж, бухимдсан хэсэг фермерүүдийн нэрийн өмнөөс энэхүү төлөвлөгөөг зохион байгуулсан гэж таамаглаж байгаа юм. Тэрээр гэм буруугаа няцааж байгаа хэдий ч шүүхээс түүнийг хүнсний бүтээгдэхүүн бохирдуулсан хоёр хэрэг болон сүрдүүлгийн гурван хэрэгт буруутай гэж үзсэн байна.
Түүнийг ялласан шүүгч Марк Уорби Найжел Райтын үйлдлийг алан хядлагатай харьцуулаад, "Та хүүхдүүдийн эмзэг байдал болон бизнесийн үйл ажиллагаандаа санаа зовсон супермаркетын эмзэг байдлыг ашиглах зорилгоор зориудаар боловсруулсан, харгис хэрцгий шинж чанартай заналхийлэл сонгосон" хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: Associated Press
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.